Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Болдбаатар: Ард түмнийг "өлөн, ул, зарц" хэмээн доромжилж буй үйлдэлдээ Засгийн газар хариуцлага хүлээж, огцрохыг шаардаж байна

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ардчилсан залуучуудын холбоо(АЗХ)-ноос дараах гурван шаардлагыг Засгийн газарт хүргүүлж, өчигдөр мэдээлэл хийсэн. Тодруулбал, 

  • Нэн тэргүүнд ХНХ-ын сайд Д.Сарангэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар ард түмнээсээ уучлалт гуйх,
  • Улны сайд Д.Сарангэрэлийг Засгийн газрын гишүүн, ХНХ-ын сайдын суудлаас огцруулах,
  • Засгийн газрын гишүүн нь Ерөнхий сайдын бодлогын хэрэгжүүлэгч болохын хувьд иргэдээ нэн ядуу буюу улны иргэд хэмээн доромжилсон нь Ерөнхий сайд, Засгийн газрын байр суурь хэмээн харагдаж байна. Тиймээс хууль зөрчсөн энэ үйлдэлдээ Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцрох шаардлагыг тавьсан байдаг. 

Тэд өнөөдөр дээрх шаардлагыг дахин дэвшүүлж, ард түмнийг "өлөн, ул, зарц" хэмээн доромжилж буй үйлдэлдээ Засгийн газар хариуцлага хүлээж, огцрох ёстой гэв.

"Ардчилсан залуучуудын холбооноос иргэдийнхээ төлөө дуу хоолой нь болж, 72 цагийн хугацаанд биелүүлэх албан шаардлагыг өчигдөр Засгийн газарт хүргүүлсэн. Энэхүү шаардлагыг бүрэн гүйцэд биелүүлээгүй. Тиймээс шаардлагыг 100 хувь хангах тухай дахин мэдэгдэл хийж байна" гэдгийг АЗХ-ны дэд тэргүүн н.Даваасүрэн хэлэв. 

"Засгийн газар өөрсдөө энэ нийгмийг ядууруулж хоосруулах, кастын систем тогтоох зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ талаар АЗХ-ны гишүүн Л.Ганхөлөг "Дээрх шаардлагын агуулга нь зөвхөн нэг сайдын асуудал биш. Засгийн газрын бодлого үйл ажиллагаатай холбоотой асуудал. Үүний хариуцлагыг нэг сайд хүлээх биш, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцрохыг шаардаж байна.

Энэхүү шаардлагыг өгөөд удаагүй байтал хаясан шүлс нь хатаагүй байхад гэдэг шиг иргэдээ дахин өлөн гэж доромжилсон. Тодруулбал, Сангийн яамны сайтад НӨАТ-ын сугалааг дахин сэргээхтэй холбоотой сурталчилгааны видео шторк оруулсан. Мөн л иргэдийг өлөн хоосноор нь доромжилж байна. Ард түмэндээ ингэж ханддаг Засгийн газартай Монгол Улс цаашаа нэг ч алхахгүй. Бүх бодлого үйл ажиллагааных нь үр дүн үүнийг нотолно.

Иргэдийн ядуурал гаарч байна. Үйлдвэрчин байсан хүнийг үсчин болтол нь явуулж байна. Татвар төлөгчдөө өлөн болгож харууллаа. Бүтээгч байсан хүнийг өлөн болтол нь явуулж байна. Тиймээс АЗХ, иргэдийн төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл шаардлагаа дахин сануулж байгаа юм.

МАН-ын эрх баригчид, Засгийн газар өөрсдөө энэ нийгмийг ядууруулж хоосруулах, түүнийхээ дараа кастын систем тогтоох зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байна" гэлээ. 

"Монголын төр данхар болж, иргэдээ зарц, өлөн, ул гэж доромжиллоо"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

АЗХ-ны тэргүүн Н.Болдбаатар "Монголын ард түмэн олон жил доромжлууллаа. Монголд кастын систем эргээд ирж байна. Өмнө нь Японд 1,000 инженер сургана, манайд үйлдвэржилт хэрэгтэй гэж ярьж байсан бол өнөөдөр үсчин гэж ярьж байна. Нийгмийн доройтол бий болсоор. Төрд гарсан хүмүүс ард түмнээсээ бүр хол тасарчихжээ. Аймгийн Засаг дарга нь ажилчдыг зарц гэж хэлж, сайд дарга нар нь өлөн гэж доромжилж байна. Сүүлдээ уландаа гишгэж байна. Энэ бүхэн хэрээс хэтэрлээ.

Өчигдрийн бидний мэдэгдэл дан ганц Д.Сарангэрэл сайдыг огцруулах тухай биш. Энэ кабинет чинь анхнаасаа хууль бус, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхгүй байсан. Давхар дээлтэй 21 сайд бий болсон. Монголын төр данхар болж, иргэдээ зарц, өлөн, ул гэж доромжилж байна.

Хүний эрхийн мэдрэмжгүй коммунист нам олон жил дарлаж, сүүлдээ доромжилж байна. Тийм учраас Засгийн газрыг огцруулах шаардлагыг дахин дэвшүүлж байна.  Энэ асуудалд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та уучлалт гуйх ёстой. Та Японд байж болно, тэндээсээ уучлалт гуй. Ард түмнээ өлөн гэж доромжилсон Сангийн сайд огцрох ёстой. Татвар төлөгчид бид өлөн биш. Үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр олон зүйлийг шамшигдуулж буй төрд байгаа хүмүүс өөрсдөө өлөн.

2016 онд нэг доллар 1,530 байсан бол өнөөдөр 3,500 болсон. Бензиний ханш, өргөн хэрэглээний барааны үнэ ямар байгаа билээ. Нэг үгэн дээр хариуцлага тооцоод одоо сайхан болчихлоо гэж өчигдөр ярьж, дүр эсгэж байна. ЖДҮ, 60 тэрбум, хөгжлийн банкны асуудалд хэзээ хариуцлага тооцох юм бэ...

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өчигдөр ноцтой зүйл ярьсан. “ХНХ-ын сайд Үндсэн хуулийн зарим нэгэн заалтыг зөрчсөн" гэж хэлсэн. Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн хүнийг зөвхөн ХНХ-ын сайдын суудлаас огцруулах хангалттай биш, УИХ-ын гишүүнээс нь татах ёстой. Үндсэн хууль зөрчсөн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ өөрсдөө огцрох ёстой. Тийм учраас энэ шаардлагыг дахин тавьж байна. Ажлаа хий биш, одоо ажлаа өгцгөө" гэв. 

Гэрэл зургийг mpa.mn