Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс хүрэн нүүрснээс устөрөгч гарган авах туршилтын төсөлд оролцох хүсэлтээ илэрхийллээ

ikon.mn
2022 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Хүрэн нүүрснээс устөрөгч гарган авах технологи нэвтрүүлэхэд Монгол, Японы төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, Японы хөрөнгө оруулалт татах, нүүрсний орд газруудыг түшиглэн ус төрөгчийн цахилгаан станц барих техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахад хамтран ажиллахаар ярилцсан байдаг.

Энэ хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Кобэ хотод үйл ажиллагаа явуулж буй “Kawasaki Heavy Industries” компанийн хүрэн нүүрснээс устөрөгч гарган авах туршилтын төсөл, ус төрөгчийн жижиг оврын цахилгаан станц, далайн тээвэрлэлтийн зохион байгуулалт, хадгалалтын үйл явцтай танилцлаа.

“Kawasaki Heavy Industries” компани өөрийн зохион бүтээсэн турбин хөдөлгүүрийг ашиглан 2018 онд 100 хувь устөрөгчөөр ажилладаг цахилгаан станцыг дэлхийд анх удаа байгуулж, дөрөв дэх жилдээ туршилтын үйл ажиллагааг амжилттай явуулж байгаа юм.

Кобэ хотод байрлах энэхүү бага оврын цахилгаан станц нь  цахилгаан, дулаан үйлдвэрлэдэг. Өдөрт дунджаар 1,100-1,500 kВт цахилгаан эрчим хүч, 2,800 kВт дулаан үйлдвэрлэж ойролцоох эмнэлэг, спорт цогцолбор зэрэг байгууламжид нийлүүлдэг. Цаашид энэхүү жижиг оврын устөрөгчийн цахилгаан станцыг атомын цахилгаан станцтай дүйцэхүйц цахилгаан үйлдвэрлэх хэмжээнд хүргэж томруулах боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Япон улс 2030 он гэхэд ус төрөгчийн хэрэглээг жилд 300 мянган тонн орчимд, үнийг энгийн хэрэглээнд тохирох хэмжээнд хүргэх зорилт тавьжээ.

Монгол Улсын хувьд хүрэн нүүрснээс устөрөгч гарган авах туршилтын энэхүү төсөлд оролцох сонирхлоо илэрхийллээ. Манай улсын хувьд дийлэнх хэрэглээгээ нүүрсний цахилгаан станцаар хангадаг, далайд гарцгүй орон. Дээр нь хүрэн нүүрсний арвин нөөцтэй.

“Kawasaki Heavy Industries” компани Япон улсын Засгийн газраас дэвшүүлж буй дэлхийн дулаарлын эсрэг нүүрсхүчлийн хийг бууруулах, улмаар тэглэх бодлогыг дэмжин ажилладаг. 2015 оноос Австралийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр тус улсын Викториа мужид хүрэн нүүрснээс устөрөгч гарган авч, шингэн төлөвт шилжүүлэн далайгаар Япон руу тээвэрлэх туршилтын төслийг хамтран хэрэгжүүлж байгаа юм. Төслийн хүрээнд Австралийн Викториа мужийн  ”Latrobe Valley” орд газраас хүрэн нүүрс олборлож, тусгай байгууламжид устөрөгчийг цельсийн -253 хэмд хөргөж 1/800 болтол агшаан 9,000 километрт далайгаар 21 хоног тээвэрлэн Кобэ боомтод авч ирж тусгайлан байгуулсан агуулахад устөрөгчийг хадгалж цахилгаан станцад нийлүүлдэг байна. 

Европын Холбоо, Австрали, Франц, Герман, БНСУ зэрэг улс орон, бүс нутгууд устөрөгчийн талаарх стратегийн бодлогоо 2018 оноос хойш баталж эхлээд байна. Хувийн хэвшлийн компаниуд ч устөрөгч гаргаж авах, тээвэрлэх, ашиглах нь байгаль орчинд ээлтэй эрчим хүчний ирээдүйн чухал эх үүсвэрүүдийн нэг гэдэгт санал нэгдэж “Hydrogen Council” хэмээх нэгдлийг үүсгэжээ. Одоогоор тус зөвлөлд дэлхийн тэргүүлэх 134 компани нэгдсэн байна.

 

Эх сурвалж: ЗГХМОНХА