Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-аас Европт хий нийлүүлдэг хоолойд санаатай гэмтэл учруулсан гэж Данийн засгийн газар дүгнэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг

ОХУ-аас Балтийн тэнгисээр дайруулан Европын зах зээлд байгалийн хий нийлүүлдэг хоолойнууд задарч, тэнгисийн усанд хий алдагдаж байгаа нь саяхан тодорхой болсон юм.

Дани улсын эрх баригчид Даваа гарагт Умард Урсгал 2 хоолой Борнхолм арлын ойролцоо задарч, тэнгисийн усанд хий алдагдаж байгааг анх мэдээлж байв.

Шведийн эрх баригчид бас Умард Урсгал 1 болон Умард Урсгал 2 хоолойнууд аль аль нь задарсан тухай мэдээлжээ.

Данийн зэвсэгт хүчин өчигдөр тэнгисийн мандал дээр хий оргилон гарч буйг харуулсан зураг, дүрс бичлэгийг тараасан юм.

Тэгвэл Дани улсын ерөнхий сайд Метте Фредериксен өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа хийн хоолойнуудыг хэн нэгэн зориуд задалж, хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан гэх дүгнэлт гаргаснаа мэдэгджээ.

“Санаатай үйлдэл байсан нь бидний явуулсан шалгалтаар тодорхой боллоо. Энэ нь тохиолдлын зүйл биш. Үүний цаана хэн байгаа талаар мэдээлэл одоогоор бидэнд алга” гэж Фредериксен хэлсэн байна.

“Балтийн тэнгисийн Умард Урсгал хоолойнуудад гарсан гурван хэсэг гэмтлийн бүсийг тусгаарлаж, түүгээр зорчих хөлөг онгоцнууд, агаарын тээврийн аюулгүй байдлыг хангалаа” гэж Дани улсын батлан хамгаалах яам мэдээлжээ.

Европын Холбооны удирдлагууд ч дээрх гэмтлийг санаатай хорлон сүйтгэх ажиллагааны үр дүн гэж үзэж байгаагаа өчигдөр илэрхийлсэн байна.

Долоон сар үргэлжилж буй Украиныг эзлэн түрэмгийлэх дайны үеэр Умард Урсгал хийн хоолойнууд Орос ба Өрнөдийн орнуудын сөргөлдөөний нэг гол цэг байсан юм.

Украинд Оросын цэрэг халдан довтолсны дараа Германы эрх баригчид шинээр байгуулагдсан Умард Урсгал 2 хоолойн үйл ажиллагааг хориглосон. Саяхан ОХУ-ын тал Умард Урсгал 1 хоолойгоор дамжуулах хийн урсгалыг янз бүрийн шалтгаанаар тасалдуулж байв.

Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подоляк хоолой задарсан явдлыг “Европын Холбоонд дайсагнасан Оросын эрх баригчдын террорист ажиллагаа болох нь ойлгомжтой” гэж дүгнэжээ.

“Өвлөөс өмнө Европын эдийн засгийн нөхцөл байдлыг тогтворгүй болгохыг Оросын тал санаархаж байна” гэж тэр хэлсэн байна.

 

Эх сурвалж: Business Insider