Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Хүн төрөлхтөн анх удаа сансрын биетийн хөдөлгөөний чиглэлийг өөрчиллөө

Р.Түвшин, iKon.mn
2022 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын сансар судлалын үндэсний байгууллага NASA астероидын хөдөлгөөний чиглэлд нөлөөлөх туршилтыг анх удаа зохион байгууллаа. Энэ нь дэлхийг ямар нэг сансрын биеттэй мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх технологийг боловсруулах зорилготой туршилт юм.

Тус байгууллагын бүтээсэн DART (Double Asteroid Redirection Test) сансрын хөлөг Улаанбаатарын цагаар өглөөний 7:14 цагт дэлхийгээс 10 сая орчим километр зайтай байгаа Диморфос (Dimorphos) астероидыг мөргөжээ.

DART хөлөг астероидыг 24,000 км/цаг хурдаар мөргөсөн ба үр дүнд нь Диморфосын тойрог замд нэг хувийн гажуудал үүсгэх юм.

Энэ нь дэлхий рүү чиглэсэн сансрын биетийн замыг өөрчлөхөд хангалттай нөлөө юм байна.

150 метр өргөнтэй Диморфос нь нь Дидимос (Didymos) хэмээх өөрөөсөө том астероидыг тойрон эргэж байдаг. Эдгээр сансрын биетүүд дэлхийтэй мөргөлдөх шууд аюул учруулаагүй байгаа. Гэхдээ мөргөлдсөн тохиолдолд ноцтой сүйрэл авчрах хэмжээтэй юм.

DART хөлөг өнгөрсөн оны сүүлээр дэлхийгээс хөөрч байжээ.

“Бид хүн төрөлхтний шинэ эрин үеийг эхлүүлж байна. Энэ эринд бид өөрсдийгөө ямар нэг аюултай астероидын нөлөөнөөс хамгаалах боломжтой болох юм. Ямар гайхалтай вэ? Бидэнд өмнө нь ийм чадвар байгаагүй” гэж NASA-гийн гараг эрхэс судлалын салбарын захирал Лори Глэйз туршилтын дараа мэдэгджээ.

NASA-гийн ерөнхий захирал Билл Нелсон DART төслийн багийнханд баяр хүргэснийг дараах дүрс бичлэгээс үзнэ үү.

 

Эх сурвалж: The Verge, NASA