Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

Гэрийн тэжээвэр амьтны асран хамгаалагч нь 18 нас хүрсэн, амьтнаа хоол, орон байраар хангах орлогын эх үүсвэртэй байх шаардлагатай

А.Ням-Өлзий, iKon.mn
2022 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Х.Нямбаатар, Ж.Сүхбаатар нарын гишүүд Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-ын даргад өргөн барив.

Хуулийн төслийн талаар хууль санаачлагчид танилцууллаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг албан ёсоор өргөн барилаа.

Өнгөрсөн хавар “Азтай савар” төрийн бус байгууллагын залуус миний сошиал хуудсаар дамжуулан нийгмийн болон хүний эрхийн асуудал хөндсөн хуулийн төслийн талаар уулзаж ярилцах санал тавьсан. Энэ хуульд эзэнгүй нохой, муурын асуудал, эзэнгүй гэрийн тэжээвэр амьтан хүн, хүүхэд хазаж байгаа явдал, тэдгээр амьтдыг харгис хэрцгийгээр устгаж, улмаар хөрсөнд булж бохирдол үүсгэж байгаа зэрэг асуудлыг тусгасан байсан. Ингээд танилцаж судлаад үзэхэд энэ хууль бол зөвхөн гэрийн тэжээвэр амьтны тухай бус хүний тухай хууль юм бол үзсэн.

Өнөөдөр дэлхийн 124 улс гэрийн тэжээвэр амьтны тухай бие даасан хуультай байна. Гэтэл манай улс гэрийн тэжээвэр амьтан болон хүн хоорондын харилцааг огт зохицуулж байгаагүй.

Тиймээс энэхүү хуулийн санаачлагч нь иргэд, залуус, төрийн бус байгууллагын гишүүд юм. Хууль санаачлагч бид тэдний санаачилгыг хууль тогтоох байгууллагад уламжилж байгаа гүүр юм” гэлээ.

“Азтай савар” ТББ-ын гишүүн, хуульч У.Азжаргал “Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулиар нийтийн эрүүл мэндийг хамгаалах, гэрийн тэжээвэр амьтныг бүртгэх, асран хамгаалах, түр харах, үржүүлэх, хүчирхийллээс хамгаалах болон эзэнгүй амьтны тоо толгойг бууруулахтай холбоотой харилцааг зохицуулна.

Манай улсад хотжих үйл явц өргөжихийн хэрээр гэрийн тэжээвэр амьтан тэжээх явдал нэмэгдэж байна. Гэтэл амьтан тэжээдэг иргэдийн тоо албан ёсоор байдаггүй. Зөвхөн ашиг шимийг нь хүртдэг гахай, тахиа, зөгий гэх мэт амьтдыг л тоолдог. Албан бус судалгаагаар нийт өрхийн 25 хувь нь буюу гэр хороололд амьдардаг өрхийн 54 хувь, орон сууцанд амьдардаг өрхийн 12 хувь нь гэрийн тэжээвэр амьтантай.

Үүнээс гадна 2021 онд улсын хэмжээнд 320 мянга гаруй эзэнгүй нохой, муур байна гэдэг судалгаа гарсан.

Иргэд мэдээлэлгүй улмаас тэжээж байгаа амьтандаа үржил хязгаарлах мэс ажилбар хийлгэдэггүй, тэжээж чадахгүй бол хаян тохиолдол түгээмэл байна.

Үржил хязгаарлах мэс ажилбар хийлгээгүй амьтдын тоо толгой хэрхэн өсдөг талаарх судалгаанд нэг нохой жилд дунджаар 16 гөлөг гаргалаа гэхэд гурван жилийн дараа 512 болтлоо өсдөг. Харин муур жилд дунджаар 24 зулзага гаргадаг бол тооцвол гурван жилийн 11,800 болтлоо өсдөг тухай дурдсан байдаг.

Гэтэл манай улс эзэнгүй амьтны эсрэг зөвхөн буудаж устгах арга хэрэглэдэг. Энэ ажилд нийслэлд жилд 1.2-1.8 тэрбум төгрөг зарцуулдаг. Ийм хэмжээний хөрөнгөөр жилд 100 мянга гаруй нохой, муур устгахаар төлөвлөдөг ч бодит байдал дээр 80-90 мянгыг устгадаг байна. Харин цаана нь үлдсэн нь дээр дурдсанчлан өсөж үржиж байдаг. Тиймээс буудаж устгах арга замыг шийдэх шаардлагатай болсон.

Үүнээс гадна буудаж устгасан амьтдыг бөөнд нь хогийн цэгт булснаар хөрс, агаарын бохирдол үүсдэг. Буудаж устгасан 216 нохойд шинжилгээ хийхэд 67.1 хувь нь шимэгч хорхойтой болох нь тогтоогдсон. Түүнчлэн эзэнгүй найман нохой тутмын нэг нь бэтэг өвчин үүсгэгчтэй. Бэтэг өвчин нь амьтнаас хүнд шууд халдварлахын зэрэгцээ ялгадсаар нь дамжиж халдварладаг байна. Гэтэл Улаанбаатар хотод 18 метр тутамд нохойн ялгадас байна.

Нөгөө талд 2020 онд нохойд хазуулсан иргэний тоо 3,855 байна. Үүний 90 хувь нь эзэнтэй нохой байсан. Харин хазуулсан иргэдийн 37 хувь нь 0-15 насны хүүхэд байна.

Ийм учраас иргэдийг хариуцлагатайгаар амьтан тэжээдэг болгох, нийтийн эрүүл мэндийг хамгаалах шаардлагын үндсэн дээр энэхүү хуулийн төслийг боловсруулсан" гэв. 

Хуулийн төсөл нь 9 бүлэг, 52 зүйлтэй. Хуулийн төсөлд гэрийн тэжээвэр амьтан гэдгийг “Ашиг шимийг нь ашиглахаас бусад зорилгоор гэршүүлсэн хүнтэй хамт амьдрах боломжтой” хэмээн тодорхойлжээ.

Мөн гэрийн тэжээвэр амьтны асран хамгаалагч, түр харагч гэдэг ойлголтыг тодорхойлж тэдгээрийг үүргийг тодорхой заасан байна. Тухайлбал, асран хамгаалагч тэжээвэр амьтнаа олон нийтийн газар дагуулж явах үедээ зориулалтын хөтөлгөө, хошуувчтай авч явах, нохой, мууранд бичил чип суулгуулж бүртгүүлэх, урьдчилан сэргийлэх тарилга туулгад хамруулах, үржил хязгаарлах мэс ажилбар хийлгэх, олон нийтийн газрыг нохой, муурын ялгадсаар бохирдуулахгүй байх, бохирдуулсан тохиолдолд цэвэрлэж, хогийн цэгт хаях зэрэг үүрэг хүлээх юм.

Тэжээвэр амьтны асран хамгаалагч нь 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, гэрийн тэжээвэр амьтныг хоол, орон байраар хангах орлогын эх үүсвэртэй байх шаардлагыг тусгажээ.