Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Урангуа: Хорт хавдрын улмаас хагалгаанд орсон хүмүүст зориулсан сувиллыг бий болгох хэрэгтэй

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ивээл ард сангаас хорт хавдрын эмчилгээний асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тодруулбал, тухайн сангаас манай улс хорт хавдрын эмчилгээ хийлгэсэн өвчтөнд зориулсан сувиллын газар байгуулах шаардлагатайг онцолж, энэ төрлийн сувилал байгуулах төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг төр засгаас хүслээ.

Ивээл ард санг үүсгэн байгуулагч Ч.Урангуа хэлэхдээ "Монгол Улсад хавдрын өвчлөл нөхцөл маш хүнд нөхцөлд байдгийг хүн бүр хэлүүлэлтгүй мэдэх учраас зөвхөн өөртөө тохиолдсон жишээг хэлье. Би ойр дотнын гурван хүнээ хорт хавдрын улмаас алдсан. Одоогоос хэдэн жилийн өмнө ээж минь БНСУ-д элэгний хорт хавдрын хагалгаанд ороод эх орондоо ирсний дараа улсын эмнэлгүүд хавдрын дараах эмчилгээ хийж чадахгүй явсаар нас барсан.

Мөн аав минь өөд болохоосоо өмнө ходоодны хорт хавдраар шаналж байхад өвдөлт намдаадаг морфин тариа Улаанбаатар хотоос олдоогүй. Хоёр хоног хайсны эцэст маш өндөр үнээр хувь хүнээс худалдаж авч байсан.

Энэ байдал өнөөдөр ч өөрчлөгдөөгүй бөгөөд хавдрын эсрэг тэмцэж буй иргэдийн фэйсбүүк групп дээр ч хүмүүс өвчин намдаах эм хайсаар байгааг төр засаг анхаараасай гэж хүсэж байна.

Мөн цаашид хорт хавдартай хүмүүсийг зөв зохистой эмчилгээнд хамруулах сувилал байгуулах шаардлага бий. Учир нь ХСҮТ-д хорт хавдартай хүмүүст хөнгөвчлөх эмчилгээ гэж хийдэг ч маш урт дараалалтай байдгийн улмаас хүн бүр тэрхүү эмчилгээнд нь хамрагдаж чаддаггүй.

Түүнчлэн арай хийж яг хавдрын эсрэг хими эмчилгээ хийлгэсэн хүмүүсийг хэвтүүлэн сувилах эмнэлэг, сувилал Улаанбаатарт байхгүй байна.

Зарим тохиолдолд хавдартай хүмүүсийг эмчилгээгүй гээд эмнэлгээс гаргаж байгаа. Үүний улмаас тэд нийгмээс тасарч, орон дээрээ нулимсаа урсган хэвтэж байна.

Иймд хавдартай эсвэл хавдрын хагалгаанд орсон өвчтөнд зориулсан сувиллын төв байгуулах шаардлагатай гэж үзэж байна. Манай сан ийм төслийг хэрэгжүүлэхэд бэлэн байгаа ч төр засгийн дэмжлэг хэрэгтэй байна.

Өөрөөр хэлбэл, манай сан хавдартай болон хавдрын хагалгааны дараа ар гэрийн асаргааны боломж муутай иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэн ажиллахаар төсөл боловсруулсан бөгөөд үүнийг төр засгаас дэмжээсэй гэж хүсэж байна.

Мөн хавдартай хүмүүсийн эм тариаг олдоцтой болгох орчныг бүрдүүлж өгөхийг гуйж, өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ" гэв.