Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

Испани улс “дижитал нүүдэлчид”-д зориулсан виз гаргахаар төлөвлөж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Испани улсын засгийн газар Их Британи болон бусад Европын Холбооны гишүүн бус орнуудын иргэдэд зориулсан “дижитал нүүдэлчид”-ийн виз гаргахаар төлөвлөжээ.

Өөрөөр хэлбэл зайнаас ажиллах боломжтой гадаадын иргэдийг нарлаг дулаан цаг агаар, татварын таатай нөхцөлөөр татах гэж байна.

Ийм визийг Испаниас гадна үйл ажиллагаа явуулдаг компанийн ажилтнуудад олгох ба орлогынхоо 20 хүртэл хувийг Испанийн компаниудаас олдог байх дээд хязгаар тогтоожээ.

Дижитал нүүдэлчний виз нэг жилийн хугацаатай гарах ба дараа нь тухайн хүний ажлын нөхцөл байдлаас шалтгаалан тав хүртэл жилээр сунгах боломжтой байх юм байна.

Виз хүсэгч нь өөрийгөө тэжээх хангалттай орлого олдогоо, ядаж сүүлийн нэг жилийн хугацаанд зайнаас ажилласан туршлагатайгаа батлан харуулах ёстой гэнэ.

Виз авсан иргэд эхний дөрвөн жилийн хугацаанд стандарт 25 хувийн татварыг бууруулж, 15 хувиар төлөх давуу тал эдлэх юм байна.

Испаниас гадна Европын 15 улс дижитал нүүдэлчдэд зориулсан виз гаргаад байгаа. Улс бүр өөр өөрийн шалгуур нөхцөлийг тусгажээ.

Тухайлбал Хорват улс сард доод тал нь 2,300 еврогийн орлоготой байх нөхцөл тавьж буй бол Эстони улс 3,500, Исланд улс 7,100, Португал улс ердөө 700 еврогийн босго тавьсан байна.

Харин Испани улсын хувьд сарын орлогын доод хэмжээг 2,000 еврогоор тогтоожээ.

Сүүлийн үеийн тоо баримтаас үзвэл Испани улсад сарын дундаж цалингийн хэмжээ 1,751 евро байдаг нь Европын Холбооны дундаж болох 2,194 еврогоос 20 хувь доогуур хэмжээ юм.

 

Эх сурвалж: The Guardian