Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

Крымийн татаарууд цэргийн дайчилгаанд хамрагдсан хүмүүсийн 90 хувь болж буйг хүний эрхийн байгууллага мэдээлэв

Т.Давааням, ikon.mn
2022 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагаас ОХУ-д эхэлсэн бүх нийтийн цэргийн дайчилгаанд үндэсний цөөнхийн төлөөлөл илүү их хамрагдаж байгаа тухай эх сурвалжууд мэдээлсээр байна.

Тухайлбал Буриад болон Умард Кавказын бүгд найрамдах улсуудын эрчүүдийг Украины дайнд түлхүү дайчлах бодлого хэрэгжиж буйг хүний эрхийн байгууллагууд шүүмжилжээ.

2014 онд ОХУ-ын бүрэлдэхүүнд орсон Крымийн хойгт энэ бодлого ил тод хэрэгжиж байгааг Украины Crimea SOS хүний эрхийн байгууллага мэдээлсэн байна.

Ислам шүтлэгтэй татаарууд Крымийн хүн амын 13 хувийг эзэлдэг. Гэтэл өнгөрсөн хугацаанд цэргийн дайчилгааны зарлан дуудах хуудас авсан хүмүүсийн 90 орчим хувь Крымийн татаарууд болжээ.

“Энэ бол Крымийн татаар угсаатныг устгах гэсэн санаатай үйлдэл” гэж Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өнгөрсөн Бямба гарагт хийсэн мэдэгдэлдээ өгүүлсэн байна.

Крымийн асуудал хариуцсан Украины засгийн газрын төлөөлөгч Тамила Ташева “Крымийн татаарууд бол Оросын засаг захиргаанд хамгийн үнэнч бус хүн амын хэсэг. Украины армийн сүүлийн үеийн амжилт тэднийг ихээр баярлуулсан нь тодорхой байв. Харин одоо тэд үүнийхээ төлөө шийтгүүлж байна” гэж мэдэгджээ.

Ингэхдээ татааруудыг бөөнд нь нэг ангид хуваарилалгүй, олон хэсэг хувааж байгаа тухай баримтыг тэр дэлгэсэн байна.

Крымийн хойгт олон зуун жил оршин суусан татаарууд 18 дугаар зуунд Оросын Екатерина хатан хааны захиргаанд орохдоо үндэсний цөөнх болж хувирсан юм.

Дэлхийн Хоёрдугаар дайны үеэр Иосиф Сталин тэднийг Төв Азийн орнууд руу олноор цөлсөн нь Германы нацистуудтай хамтрахаас болгоомжилсон хэрэг байв.

Цөлөгдсөн татаарууд 1980-аад оны үеэс төрөлх газар нутагтаа буцаж ирэх боломжтой болсон юм.

ОХУ-ын бүрэлдэхүүнд Крымийн хойгийг 2014 онд нэгтгэсэн үйл явдлыг хамгийн их эсэргүүцсэн хүн амын хэсэг татаарууд байв. Тиймээс Оросын эрх баригчид Крымийн татааруудын дээд байгууллага межлисийг тарааж, удирдагчдыг нь хавчин гадуурхах болсон юм. Үүний үр дүнд олон татар хүн Украин болон бусад улс орнуудад дүрвэсэн байна.

 

Эх сурвалж: The Guardian