Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ бууж өгсөн цэргүүдэд оноох шийтгэлээ чангалж, батлан хамгаалахын дэд сайдаа огцрууллаа

Т.Давааням, ikon.mn
2022 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин бууж өгсөн цэргүүдэд оноох шийтгэлийг чангалах хуулийн төсөлд гарын үсэг зуржээ.

Бас ОХУ-ын батлан хамгаалах яамны ложистикийн асуудал хариуцсан дэд сайд, армийн генерал Дмитрий Булгаковыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь хурандаа генерал Михаил Мизинцевийг томилсон байна.

Шинэ хуулийн дагуу цэргээс оргосон, бууж өгсөн, тушаал биелүүлэхээс татгалзсан алба хаагчдыг 10 хүртэл жил шоронд хорих ялаар шийтгэх болжээ.

Мөн армийн зэвсэг, техникийг хулгайлсан бол 15 хүртэл жил шоронд хорихоор болсон байна.

Өчигдөр батлагдсан өөр нэг шинэ хуульд Оросын армид алба хаасан гадаадын иргэдэд ОХУ-ын иргэний харьяалал олгохоор тусгажээ. Энэ бол тус улсад ажил хөдөлмөр эрхэлдэг хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнуудын иргэдийг Украины дайнд илгээх зорилготой арга хэмжээ гэдэг нь тодорхой юм.

Цэргийн дайчилгааг эсэргүүцсэн 700 гаруй иргэнийг эрх баригчид Бямба гарагт Оросын олон хотоос баривчилсан тухай OVD-info хараат бус хяналтын байгууллага мэдээлжээ.

Украины армийн сөрөг довтолгоо цаг уурын таагүй нөхцөл байдал, Оросын зэвсэгт хүчний ширүүн эсэргүүцлийн улмаас удааширсныг Киевийн эрх баригчид өчигдөр мэдээлсэн байна.

“Борооны улмаас хүнд зэвсэг техникийг тээвэрлэхэд хүндрэл учирлаа. Бидэнд засмал замаар тээвэрлэхээс өөр сонголт одоогоор алга” гэж Украины армийн албаны эх сурвалж мэдээлжээ.

Бямба гарагт Украины эзлэгдсэн газар нутгуудыг ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгтгэх бүх нийтийн санал хураалт хоёр дахь өдрөө үргэлжилсэн байна.

Уг санал хураалтыг Украины ерөнхийлөгч Володимир Зеленский “олон улсын болон Украины хууль дүрмийг зөрчсөн гэмт хэрэг” гэж нэрлэсэн юм.

 

Эх сурвалж: AFP