Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын цэргүүдийн Украинд үйлдсэн дайны гэмт хэргийн баримтуудыг НҮБ-ын шинжээчдийн баг танилцуулжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Украины чөлөөлөгдсөн нутаг дэвсгэрт Оросын цэргүүдийн үйлдсэн гэмт хэргийг шалгахаар очсон НҮБ-ын шинжээчдийн баг цуглуулсан баримтуудаа өчигдөр хүний эрхийн зөвлөлдөө танилцуулжээ.

Эрик Мосегийн ахалсан баг Украины олон арван хот, тосгонд ажиллахдаа хохирогчид болон гэрчүүдтэй ярилцаж, иргэдийн цогцсыг бөөнөөр оршуулсан булш, эрүүдэн шүүсэн газруудтай танилцаад “аймшигтай дайны гэмт хэрэг үйлдэгдсэн” гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

“Гэмт хэргээ хохирогчдын гэр бүлийнхний нүдэн дээр үйлдсэн баримтууд олноор олдлоо. Хүчингийн болон хүйсэнд суурилсан хүчирхийллийн хохирогчдын насны хязгаар 4-82 байна” гэж Эрик Мосе мэдээлжээ.

Мөн тэрбээр “Хүүхдүүдийг хүчирхийлсэн, тарчлаасан, хууль бусаар хорьсон тохиолдлуудыг баримтжууллаа. Тэсрэлт дэлбэрэлт, гэмт хэрэг, албадан нүүлгэлт, гэр бүлээс нь салгасан зэрэг нь тэдний сайн сайхан байдал, сэтгэцийн эрүүл мэндэд ихээр нөлөөлсөн байна” гэж ярьсан байна.

Оросын цэргүүд энгийн иргэдийн эсрэг бөөнөөр устгах зэвсэг хэрэглэсэн, иргэдийг бөөнөөр нь цаазалсан хэргүүдийг үйлдсэнийг мэргэжилтнүүд тогтоожээ.

Ингэхдээ гарыг ард нь хүлээд цохонд тулгаж буудах, хоолойг нь огтлох зэрэг аргаар цаазалж байсныг баримтжуулсан байна.

Мөн иргэдийг хууль бусаар хорихдоо зодох, цахилгаан гүйдэлд цохиулах, нүцгэлж доромжлох зэрэг олон төрлийн тарчлаан зовоох аргуудыг хэрэглэж байжээ.

Баривчлагдсан иргэдийг ОХУ-ын нутаг руу шилжүүлсний дараа зарим нь сураггүй алга болсон баримтуудыг бас илрүүлсэн байна.

Оросын цэргүүдийн үйлдсэн дайны гэмт хэргүүдийг Украинд дайн эхэлснээс хойш удаагүй байхад буюу гуравдугаар сараас илрүүлж эхэлсэн юм. Үүний анхны том жишээ нь Киевийн ойролцоох Буча тосгон болж байлаа.

Өнгөрсөн долоо хоногт чөлөөлөгдсөн Харьков мужийн Изюм хотоос 440 орчим энгийн иргэнийг бөөнөөр оршуулсан булш олдсон юм. Эндээс олдсон хохирогчдын цогцсын 30 орчмоос тамлан зовоосон шинж тэмдэг илрээд байна.

 

Эх сурвалж: Reuters