Уншиж байна ...

Иранд иргэдийн тэмцэл өргөжиж, эрх баригчид Тегеран хотын интернэт сүлжээг хаажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Хижаб буюу нүүрний гивлүүрийг эсэргүүцсэн иргэдийн тэмцэл Иран даяар өргөжсөн тул эрх баригчид өчигдрөөс эхлэн нийслэл Тегеран хот болон Курдистан мужийн зарим хэсэгт интернэт сүлжээг хаажээ.

Курдистаны оршин суугч, 22 настай эмэгтэй хижаб зүүгээгүй шалтгаанаар цагдаад саатуулагдах үеэрээ учир битүүлэг шалтгаанаар амиа алдсан нь иргэдийн бослого тэмцэл эхлэхэд хүргэсэн юм.

Өчигдөр тэмцэгчид Ираны хэд хэдэн хотод цагдаагийн байр болон автомашиныг галдан шатаажээ.

Сүүлийн өдрүүдэд тэмцэл цахим орчинд өргөжиж, хижабаа шатааж буй охид бүсгүйчүүдийн дүрс бичлэг олноор тараад байв.

Мөн олон бүсгүйчүүд амиа алдсан Махса Аминигийн нэрээр үүсгэсэн #Mahsa_Amini хаштагийн дор үсээ тайрч буйг харуулсан дүрс бичлэг, зургаар эсэргүүцлээ илэрхийлцгээж байна.

Махса Амини есдүгээр сарын 16-ны өдөр зохисгүй хувцасласан шалтгаанаар цагдаагийн газарт саатуулагдаж байжээ. Хэд хоногийн дараа тэрбээр толгойдоо гэмтлийн шинж тэмдэгтэйгээр нас барсан юм.

Цагдаагийн газар түүнийг өвчний учир жамаараа нас барсан гэж тайлбарлаж байгаа. Харин хохирогчийн ар гэрийнхэн түүнийг зодуулж, тамлуулсан байж болзошгүй хэмээн сэжиглэж байна.

АНУ-ын засаг захиргаа өчигдөр Ираны ёсзүйн цагдаагийн албыг хар жагсаалтдаа оруулж шийтгэжээ.

Лхагва гарагийн байдлаар иргэдийн тэмцэл хөдөлгөөн Ираны 15 хотод дэгдсэн байна.

Эрх баригчид иргэдийн тэмцлийг хүч хэрэглэн тараахыг оролдож байгаа юм. Өнгөрсөн хугацаанд тэмцэгчдээс 6 хүн алагдсан тухай Тегераны албаны эх сурвалж мэдээлжээ. Гэхдээ эрх баригчид өөрийгөө тэмцэгчдийн үхэлд буруугүй гэж тайлбарлаж байна.

Эмнести Интернэшнл байгууллага тэмцэгчдээс найман хүн алагдсаны зургаа нь эрэгтэй, нэг эмэгтэй, нэг хүүхэд байгааг мэдээлжээ.

Тэдгээрийн дөрөв нь ойрын зайнаас буудуулсан шархтай байсныг баталсан байна.

НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганы үеэр сэтгүүлчидтэй уулзахдаа Ираны ерөнхийлөгч Эбрахим Раиси хохирогч эмэгтэйн үхлийн шалтгааныг мөрдөн шалгаж эхэлснийг мэдээлжээ.

Урьдчилсан дүгнэлтээр Махса Аминигийн биед зодуур, эрүүдэлтийн шинж илрээгүйг тэр бас хэлсэн байна.

Раиси энэ үеэрээ АНУ болон Их Британид цагдаагийн хүчирхийлэлтэй холбоотой олон зуун хэрэг гардгийг жишээ болгон ярьжээ.

 

Эх сурвалж: The Guardian