Уншиж байна ...

Путин цэргийн дайчилгаа зарласны дараа Хятад улс “яриа хэлэлцээний замаар галаа зогсоох”-ыг талуудад уриаллаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Лхагва гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин бүх нийтийн цэргийн дайчилгаа зарласан нь дэлхийн нийтийг цочроосон үйл явдал болсон юм.

Энэ үйл явдлын дараахан Хятадын засгийн газраас “яриа хэлэлцээний замаар гал зогсоох” уриалга гаргажээ.

“Бид холбогдох талуудад яриа хэлэлцээ, зөвшилцлийн замаар галаа зогсоохыг уриалж байна. Талуудын хууль ёсны аюулгүй байдлын санаа зовоосон асуудлуудыг шийдвэрлэх арга замыг аль болох хурдан олохыг бас уриалж байна” гэж Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин өчигдөр хэвлэлийн цагаараа мэдэгдсэн байна.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “Бүх улс орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмуудыг баримталж, бүх улс орны аюулгүй байдлын хууль ёсны санаа зовнилыг нухацтай авч үзэж, асуудлыг энхийн замаар шийдвэрлэхэд тус дөхөм үзүүлэх бүхий л хүчин чармайлтыг бид үргэлж дэмждэг” гэжээ.

Оросын цэрэг Украины газар нутагт халдан довтолсон явдлыг Хятад улс шууд буруутгахаас зайлсхийдэг ч дэлхийн бүх улс орон газар нутгийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах ёстой гэсэн байр суурийг дахин дахин илэрхийлж байгаа юм.

 

Эх сурвалж: Aljazeera