Уншиж байна ...

NASA-гийн телескоп Далайн Ван гарагийн цагаргийг тод харуулсан зургийг дэлхийд ирүүлжээ

Р.Түвшин, iKon.mn
2022 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Сансрын уудамд ажиллаж буй James Webb телескоп Далайн Ван гарагийн гэрэл зургийг дэлхийд ирүүлснийг өчигдөр NASA нийтэд үзүүлжээ.

Далайн Ван гарагийг тойрсон тоосонцроос бүтсэн цагаргууд байдаг ч олж харахад маш хэцүү байдаг. Хамгийн сүүлд 1989 онд нарны системийн зах хязгаар руу аялж яваа Voyager 2 хөлөг тус гарагийн гэрэл зургийг дэлхийд ирүүлэхэд цагаргуудыг анх удаа тод харж байжээ.

Үүнээс 33 жилийн дараа James Webb илүү тод харуулсан гэрэл зургийг ирүүлээд байна.

зураг
 
Зүүн гар талд Voyager 2 хөлгийн буулгасан хоёр тал зураг

Далайн Ван гараг хөх өнгөтэй харагддаг нь түүний агаар мандалд байдаг метан хийтэй холбоотой. 2021 онд James Webb-ийн өмнө сансарт ажиллаж байсан Hubble телескопын буулгасан зургаас үүнийг харж болно.

Hubble телескопын камер хүний нүдэнд харагдах гэрлийн долгионыг буулгадаг тул хөх өнгө нь бодитоор харагджээ.

зураг
 
Hubble телескопын авсан Далайн Ван гарагийн зураг

Харин James Webb-ийн камер хүний нүдэнд харагддаггүй хэт улаан туяаг бүртгэдэг тул Далайн Ван цайвар өнгөтэй гарсан байна. Hubble телескоп тус гарагийн цагаргуудыг буулгаж чаддаггүй байжээ.

Өчигдөр танилцуулсан гэрэл зураг дээр Далайн Вангийн мэдэгдэж байгаа 14 дагуулын долоо нь тод гарсан байна. Гарагаасаа илүү тод гэрэлтэж байгаа хөх өнгийн од мэт биет нь Далайн Вангийн хамгийн том дагуул болох Тритон ажээ.

Гарагаасаа илүү тод гэрэлтдэг нь нарны гэрлийг илүү сайн ойлгодогтой холбоотой юм байна.

зураг
 
Далайн Ван гараг

Hubble телескопыг залгамжилсан James Webb телескопыг 2021 оны арванхоёрдугаар сарын 25-нд дэлхийгээс хөөргөж байв. Үүнийг бүтээхэд хорь гаруй жил, $10 тэрбумын хөрөнгө зарцуулсан юм. Одоо James Webb нь дэлхийгээс 1.5 сая километрийн зайд байрлаад нарыг тойрон эргэж байгаа.

 

Эх сурвалж: Business Insider