Уншиж байна ...

"Байгалийн баялгаас олсон ашгийнхаа 1%-ийг ирээдүйдээ хадгалж байгаа нь хангалтгүй"

Г.Хулан
2022 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Уул уурхайн долоо хоног 2022” арга хэмжээний гурав дахь өдрийн хуралдаанаар "Далд уурхай, үүсмэл ордын ашиглалт", "Аж үйлдвэржилт", "Сайн засаглал ба салбарын тогтвортой хөгжлийн зорилт" зэрэг асуудлыг хэлэлцлээ. 

Т.Туяацэцэг: Алдагдсан боломжуудаа Засгийн газар тооцдог болох ёстой

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Сайн засаглал ба салбарын тогтвортой хөгжлийн зорилт" салбар хэлэлцүүлгэд оролцсон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийн байр сууриудыг хүргэж байна. 

“Төлсөн, авснаа нийтэл” иргэний нийгмийн эвслийн зохицуулагч, Байгаль орчны төлөөх хуульчдын холбооны удирдах зөвлөлийн дарга Т.Туяацэцэг Нийтийн ил тод байдлын хууль, Хөрөнгө оруулалтын асуудал, Үндэсний баялгийн сангийн хуулийн тулгамдсан асуудлын талаар илтгэл хэлэлцүүлсэн юм.

Тэрбээр дараах гурван асуудлыг хөндсөн.

  1. “Эрсдэл баялгийн салбарын хууль эрх зүйн орчныг олон нийтийн оролцоотой шинэчлэн батлах зайлшгүй шаардлага гарч байна. Нийтийн ил тод байдлын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль гээд үндсэн гол хуулиуд өнөөдөр хангалтгүй түвшинд хэрэгжиж байгаа. Энэхүү хуулийн хүрээнд 2019-2021 онуудад ажлын хэсэг байгуулагдаж уг хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан боловч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй  байна. Хуулийн төслийн эх бичвэрийг Монголын Хуульчдын холбоо одоог хүртэл олж авч чадахгүй байгаа тул олон нийт энэхүү хуулийн төсөлтэй танилцах боломжгүй гэж харж байна. Хуулийн төслийн хэсэгт ажиллаж буй Ажлын хэсгийнхнээс нууцын гэрээ байгуулж тус төслийг хэрэгжүүлж байгаа нь туйлын харамсалтай санагдаж байна. Бид олж авсан мэдээллийнхээ дагуу Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд тодорхой бичгүүдийг хүргүүлж, тус хуулийн төсөл ямар шатандаа явж байгааг харах боломжийг хангасан баримт бичгүүдийг өгсөн боловч хуулийн төсөлтэй холбоотой нэгдсэн баримт бичиг бидний гар дээр ирээгүй. Тэгэхээр байгалийн баялаг ард түмний өмч биш, Засгийн газрын өмч болж байгаа юм. Ард түмэнд ямар нэгэн эрх мэдэл байхгүй. Тухайлбал, уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа этгээдийн үйл ажиллагаанд ямар нэгэн саад учруулбал шийдэгдэх заалтыг Эрүүгийн хуульд оруулах утгаар угтвар нөхцөлүүдийг оруулж өгсөн ухралтууд байна. Хуулийн төслийг яагаад нууцлаад байгаа юм бэ гэдэг асуудал нь иргэний нийгмийн байгууллагын гол анхаарлыг татсан. Тэгэхээр хуулийн төслийг яаралтайгаар иргэдийн хяналт доор, хууль тогтоомжийн дагуу, олон талын хэлэлцүүлэгтэйгээр тус хуулийн төслийг батлах зайлшгүй шаардлага гарч байна. Энэ хууль их хүлээлттэй байгаа. Мөн хэн нэгэнд давуу үйлчилдэг хууль гэж байх ёсгүй.
  2. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтын асуудал. Манай улс хөрөнгө оруулалт, татварын орчин нөхцөлөөрөө олон улсын жишиг түвшинтэй харьцуулахад харьцангуй сайн. Энийг Оюутолгой, Дачин Тамсаг зэрэг хөрөнгө оруулагч компаниуд өндөр ашигтайгаар ажиллаж байгаагаас харж болно. Гаднын хөрөнгө оруулагчид яагаад манай улсад хөрөнгө оруулахаас болгоомжлоод байгаа юм гэхээр хууль тогтоомж нь хэрэгждэггүй, ойлгомжгүй, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй шууд холбоотой хэмээн үзэж байна. Өнөөдөр хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэн этгээдүүд хариуцлага хүлээх нь байтугай дарга сайд хийгээд явж байдаг.
  3. Гуравдугаарт, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг нэн яаралтай батлах. Баялгийн 1%-ийг ирээдүйдээ хадгалж байгаа нь хангалтгүй юм. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь эздийн хувь буюу  монголчуудын хувь юм. Бид ашигт малтмалын нөөц ашигласан төлбөрөө ирээдүйдээ өвлүүлж байх ёстой.  Жишээ нь, Норвеги улс байгалийн баялгийнхаа 5 хувийг ирээдүйдээ хадгалдаг. Мөн дотооддоо үйл ажиллагаа явуулж байгаа "Эрдэнэс Тавантолгой" компани уурхайн аман дээрээсээ 70-80 ам.доллароор нүүрсээ борлуулж байна. Гэвч 287 километрийн цаана очоод 300-600 ам.доллароор зардаг. Энэ асуудлаа юу гэж тайлбарладаг вэ гэхээр тээвэр ложистик болон аман дээрээс нь зарж байгаа хэмээн тайлбарладаг. Алдагдсан боломжуудаа Засгийн газар тооцдог болох ёстой. Засгийн газар зүгээр нэг бэлэнчлэх биш хариуцлагатай байх хэрэгтэй” хэмээлээ.

Д.Сүнжид: Төрийн нийтийн өмч гэж яг юуг хэлэх вэ үүнийг хэн захиран зарцуулах вэ, хэн өмчлөлийг нь хэрэгжүүлж, хамгаалах вэ гэдгийг тодруулах шаардлагатай

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн Д.Сүнжид 1992 оны Үндсэн хуулийн 6.2 ийн хүрээнд хэрэгжиж байсан үзэл баримтлалын тулгамдсан асуудлаар илтгэл тавьсан юм. 

Тэрбээр: “1992 оны Үндсэн хуулиас авч үзвэл байгалийн баялгийг ашиглахдаа удирдлага зохион байгуулалтын асуудал, үндэсний аюулгүй байдал, шударга ёс,тогтвортой хөгжлийн зарчим алдагдсан, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн үр нөлөөг нь тэнцвэржүүлэх асуудалд хариуцлагатай байж чадаагүй энэхүү хоёр гол дүгнэлтэд тулгуурлаад 2019 онд үндсэн хуулийн 6.2 дээр нэмэлт өөрчлөлтийг хийсэн. Гэвч 2019 оны хуулийн нэмэлт өөрчлөлт дээр бид зарим зүйлсийг мөн адил өөрчлөхийг хүлээж байна. Тухайлбал, төрийн нийтийн өмч гэж яг юуг хэлэх вэ үүнийг хэн захиран зарцуулах вэ, хэн өмчлөлийг нь хэрэгжүүлж, хамгаалах вэ гэх асуудлыг тодруулах шаардлагатай байна. Бид бүхэн 1992 оноос хойш байгалийн баялгаас олсон орлогынхоо 99 хувийг нь шууд зарцуулсан бол 1 хувийг нь л төвлөрүүлсэн гэдгийг Дэлхийн Банкнаас хэлсэн. Тиймээс байгалийн баялгийн санд тодорхой менежмент хийх хэрэгтэй. Уул уурхайн орлогоос Монгол Улсын эдийн засаг шууд хараат байгаа юм. Үндсэн хуулийн 6.2-ийг салбар хуулиудаараа дамжуулж тодорхой байдлаар шийдэх ёстой” гэв.

Г.Уранцоож: Уул уурхай Тогтвортой хөгжлийн 17 зорилтын 10-т нь сөргөөр нөлөөлж, долоод нь эергээр нөлөөлнө

Хүний эрх хөгжил төвийн тэргүүн, ТАН эвслийн гишүүн Г.Уранцоож Уул уурхайн салбар тогтвортой хөгжилд нөлөөлөх талаар илтгэл хэлэлцүүлсэн. 

Тэрбээр "1970 оноос хойш дэлхийн хэмжээнд эдийн засаг, нийгэм, байгаль орчны асуудлыг хамтруулж тэнцвэртэй болгох бодлогыг гаргаж ирсэн байдаг. Тогтвортой хөгжил бол дэлхийн нийтийн асуудал. Иймээс олон улсын хамтын ажиллагаа чухал юм. Уул уурхай бол тогтвортой хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа. Нөгөө талаараа маш их сөрөг нөлөөг тогтвортой хөгжилд авч ирдэг. Уул уурхайг эдийн засагтайгаа хослуулдаг улс орнууд 2000 оны Иоханнесбургийн тунхаглалыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг зохион байгуулж үүний параграф 46-г хамтран бичсэн. Үүний хүрээнд хүрээлэн буй орчин, эдийн засаг эрүүл мэнд, иргэн бүрийн оролцоо, тогтвортой уул уурхайг хөгжүүлэх гэсэн зорилтыг тавьсан юм. Мөн уул уурхайн орнууд нэгдэн 2005 онд Засгийн газрын хоорондын форум зохион байгуулж 2010 онд “Бодлогын хүрээ”-г баталсан. Манай улс энэхүү форумын гишүүн улсын нэг юм. Уул уурхайн салбар “Тогтвортой хөгжил 2030”-ийн 17 зорилтод эерэг, сөрөг нөлөөг хамтад нь үзүүлнэ хэмээн харж байна. Жишээлбэл, уул уурхай Тогтвортой хөгжлийн 17 зорилтын 10-т нь сөргөөр нөлөөлж, долоод нь эергээр нөлөөлнө. Тиймээс аль болох эерэг нөлөөг эрчимжүүлэх эсвэл сөрөг нөлөөг нь анхаарч ажиллах нь чухал юм. 2012-2020 оны хооронд улсын төсөвт оруулж байсан нийт орлогын 30 хувийг олборлох салбараас оруулсан байна. 30 хувийн 80-90 хувийг уурхайн олборлолтын компаниуд оруулдаг. Одоогоор бид 1,500 гаруй ашиглалтын лицензтэй байгаа. Энэхүү ашиглалтын лицензийг хэрэгжүүлж байгаа мянга гаруй аж ахуйн нэгжүүдийн улсын төсөвт оруулж байгаа орлогын хэмжээ нь тодорхой биш. Уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэн эвдэрсэн газар, нөхөн сэргээлт хийгдээгүй байгаа маш олон га газрууд бий. Хайгуулын лицензийг иргэдийн оролцоогүйгээр автоматаар ашиглалтын лиценз болгоод байгаа асуудлыг зохицуулах хэрэгтэй” гэлээ.

ВИДЕО:

https://fb.watch/fHA9-VSNEi/