Уншиж байна ...

Абэ Шинзо агсны төрийн оршуулгыг эсэргүүцсэн иргэн Японы засгийн газрын ордны ойролцоо өөрийгөө шатаав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Япон улсын түүхэнд хамгийн урт хугацаагаар ерөнхий сайдын албыг хашсан Абэ Шинзо агсанд зориулсан төрийн оршуулгын ёслол ирэх долоо хоногт зохион байгуулагдах гэж байгаа.

Тэгвэл энэхүү арга хэмжээг эсэргүүцсэн 70 гаруй настай эрэгтэй өчигдөр өглөө Японы засгийн газрын ордны ойролцоо өөрийгөө шатаажээ.

Хэргийн газраас төрийн оршуулгыг эрс эсэргүүцэж байгааг илэрхийлсэн бичиг олдсон тухай Токио хотын цагдаагийн газар мэдээлсэн байна.

Тухайн иргэн өглөөний 7:00 цагийн орчимд бие дээрээ тос асгаад гал тавьжээ. Галыг унтраах үеэр цагдаагийн нэг албан хаагч түлэгдсэн байна. Биеийн ихэнх хэсэг нь түлэгдсэн иргэн одоо эмнэлэгт эмчлүүлж байгаа ажээ.

Абэ Шинзо агсан долдугаар сарын 8-ны өдөр намынхаа сонгуулийн ажиллагаанд оролцож байгаад бусдад буудуулж амиа алдсан юм.

Түүний амийг хөнөөсөн Тэцүяа Ямагами нь Эв нэгдлийн сүмд бүх хөрөнгөө алдаж, дампуурсан гэр бүлийн гишүүн байсан бөгөөд Абэ агсныг дээрх шашны байгууллагатай холбоотой гэж үздэг байсан нь сүүлд тодорхой болж байв.

Абэ Шинзо нь Өмнөд Солонгосоос гаралтай энэ байгууллагын гишүүн биш байсан ч өнгөрсөн онд зохион байгуулсан арга хэмжээнд нь оролцож байжээ. Бас Абэ агсны өвөө, ерөнхий сайд агсан Нобүсүке Киши тус сүмийн салбарыг Японд нээгдэхэд дэмжлэг үзүүлсэн хүмүүсийн нэг гэгддэг юм.

Абэ агсны аллагын дараа Японы эрх баригч намыг парламентад төлөөлдөг 379 гишүүний бараг тал нь Эв нэгдлийн сүмтэй ямар нэг хэмжээгээр холбоотой нь ил болж байв.

Эв нэгдлийн сүмийн хэлхээ холбоо болон Абэ агсны төрийн оршуулгад төсвөөс $12 саяыг зарцуулах болсон нь ерөнхий сайд Фүмио Кишидагийн нэр хүндийг унагаад байгаа.

Өнгөрсөн долоо хоногт Майничи Шимбүн сониноос явуулсан судалгаагаар түүний рэйтинг дөнгөж 29 хувьтай байжээ. Энэ нь наймдугаар сарын сүүл үеэс хойш зургаан нэгж хувиар буурсан үзүүлэлт юм.

Ням гарагт Кёодо мэдээллийн агентлаг Абэ агсны төрийн оршуулгын талаар иргэдийн дунд явуулсан санал асуулгынхаа үр дүнг танилцуулахад 60.8 хувь нь эсэргүүцэж, 38.5 хувь нь дэмжсэн байна.

Санал асуулгад оролцогсдын 75 хувь нь засгийн газар төрийн оршуулгад хэтэрхий их мөнгө зарцуулж байна гэж үзжээ.

Ирэх долоо хоногт болох төрийн оршуулгад 6,000 орчим хүн оролцох ба тэдгээрийн дотор АНУ-ын дэд ерөнхийлөгч тэргүүтэй гадаад орнуудын төр засгийн өндөр албан тушаалтнууд багтаж байгаа юм.

Өчигдөр Абэ Шинзо агсны төрсөн өдөр байсан ба тэрбээр амьд байсан бол 68 нас хүрэх байжээ.

 

Эх сурвалж: Reuters