Уншиж байна ...

Оросын эрх баригчид Украины талд байлдаж байгаад олзлогдсон гадаадын 10 иргэнийг суллажээ

Т.Давааням, ikon.mn
2022 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Саудын Арабын засгийн газрын оролцоотойгоор Украины талд байлдаж байгаад олзлогдсон гадаадын 10 иргэнийг Оросын тал өчигдөр сулласан байна.

Тэдгээрийн тав нь Их Британи, хоёр нь АНУ-ын иргэд байсан бол Хорват, Швед, Морокко улсын тус бүр нэг иргэн байжээ.

Өнгөрсөн зургаадугаар сард Их Британийн хоёр, Мороккогийн нэг иргэнд Донбасс дахь салан тусгаарлагчдын шүүх терроризмын хэргээр цаазын ял оноож байв.

Женевийн конвенцын дагуу дайтагч талууд олзны цэргүүдээ шүүхээр шийтгэх ёсгүй байдаг тул тэдэнд оноосон ялыг Их Британийн засгийн газар эсэргүүцэж байсан юм.

Суллагдсан гадаадын иргэдийг өчигдөр Саудын Араб руу нисгэж, дараа нь тус тусын эх орон руу нь илгээхээр болжээ.

Энэ ажиллагаа нь Орос, Украины хооронд явагдаж буй олзны цэргүүдээ солилцох ерөнхий арга хэмжээний нэг хэсэг юм байна.

Украины тал Оросын 55 олзны цэргийг Москвагийн бодлогыг дэмжигч олигарх Виктор Медведчукийн хамт сулласан бол Оросын тал Мариуполийн бүслэлтэд тулалдаж байсан цэргүүдээс бүрдсэн нийт 215 олзны цэргийг суллажээ.

“Манай холбогдох албаны хүмүүс олзны хүмүүсийг хүлээн авч, хаант улсад тээвэрлэн авчирсан. Одоо тус тусын улс орон руу нь явуулах ажлыг зохион байгуулж байна” гэж Саудын Арабын гадаад хэргийн яамны мэдэгдэлд өгүүлсэн байна.

 

Эх сурвалж: The Guardian