Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

С.Будрагчаа: Монгол-Оросын хамтарсан сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх эрх зөвхөн БШУ-ны сайдын бүрэн эрхийн асуудал гэж дүрэмд нь заасан байдаг

Р.Оюунцэцэг, IKON.MN
2022 оны 9 сарын 9
www.ikon.mn
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол-Оросын хамтарсан сургуулийн захирал Ж.Соронзонг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасныг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан есдүгээр сарын 7-ны Лхагва гарагт танилцуулсан. Энэ дагуу Монгол-Оросын хамтарсан сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан болон тус зөвлөлийн гишүүд, Боловсрол, шинжлэх ухааны яам, тус сургуулийн багш, ажилтнууд, суралцагчдын эцэг эхийн төлөөлөлтэй шуурхай хуралдаж, Удирдах зөвлөлийн хурлыг товлон зарлахаар тогтсон. 

Гэвч уг шийдвэр хэрэгжихгүй байгаа талаар сэтгүүлч С.Будрагчаад сургуулийн багш нар хандсан талаар тэрбээр мэдээлсэн юм. Түүнчлэн сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх асуудал Монгол Улсын БШУ-ны яамны бүрэн эрхийн асуудал болох тухай тайлбарласныг тодруулан хүргэж байна. 

-Монгол-Оросын хамтарсан сургуулийн захирлыг халах шийдвэр гарсныг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулж, тус сургуулийн УЗ-ийн дарга Ж.Батбаясгалан холбогдох төлөөллүүдтэй хуралдаж, УЗ-ийн хурлыг зарлан хийхээр болсон. Гэвч ийм шаардлага байхгүй талаар та байр сууриа илэрхийлсэн. Энэ үндэслэлээ тайлбарлахгүй юу? 

-Ж.Соронзон захирал сүүлийн жилүүдэд өөрийн хуучин хувцсыг Монгол-Оросын хамтарсан сургуулийн орос багш нарт өндөр үнээр хүчээр зарж, хувцас авахгүй гэж эсэргүүцсэн багшийн ажлын гэрээг сунгахгүй, намар битгий ирээрэй гээд хөөгөөд явуулчихдаг байсан асуудал бий. 

Ийм асуудлаар халагдсан орос багш нар Буриадынхаа Боловсролын яаманд гомдол гаргаж, хамтарсан сургуулийн хувьд энэ хүнд хариуцлага тооцож өгөх хүсэлт гаргахад дараах хариу ирсэн юм билээ. 

зураг
 

Албан бичгээр өгсөн уг хариун дээр “Хамтарсан сургуулийн захирлыг томилж, чөлөөлөх нь зөвхөн Монгол Улсын бүрэн эрхийн асуудал. Манай яамны зүгээс захирлыг томилж чөлөөлөх асуудалд оролцох ямар ч эрх байхгүй” гэсэн байгаа. 

Тэгэхэд манай БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, НИТХ-ын дарга бөгөөд Монгол-Оросын хамтарсан сургуулийн ТУЗ-ийн даргаар ажилладаг Ж.Батбаясгалан Оросын талд танилцуулж, саналыг нь авна гэсэн байгаа юм. Хамтарсан сургуулийн 1994 оны дүрэм байгаа. Уг дүрэмд сургуулийн захирлыг томилж, чөлөөлөх асуудал нь зөвхөн БШУ-ны сайдад хамаарна буюу Монгол Улсын БШУЯ-ны бүрэн эрхийн асуудал болохыг тусгасан. Ж.Соронзон захирал ажлаа Оросод биш, зөвхөн Монгол Улсын БШУ-ны сайдынхаа өмнө хариуцна гэсэн байгаа. 

-Өмнө нь Ж.Соронзон захирлыг халж байсан удаатай юм билээ. Тэр үед энэ дүрэм хэвээр байсан болов уу?

Дүрэмд ямар ч өөрчлөлт ороогүй болохыг хамтарсан сургуулийн хичээлийн эрхлэгчээр 30 жил ажиллаж байгаад өнгөрсөн арванхоёрдугаар сард хэлмэгдэж халагдсан Максим Муратович гэдэг хүн надад хэлсэн. 

Зураг. 1994 оны дүрэм

Дүрмийн орчуулгыг харвал

  • 6.2. Орос-Монголын хамтарсан сургуулийн ерөнхий удирдлагын асуудлыг Монгол Улсын Боловсрол шинжлэх ухааны яам хариуцна. 
  • 6.3. Орос-Монголын хамтарсан сургуулийг Монгол Улсын Боловсрол шинжлэх ухааны яамнаас томилогдсон захирал удирдана.
  • 7.1. Орос-Монголын хамтарсан сургуулийн хэвийн үйл ажиллагааг хангах хариуцлагыг Монгол Улсын Боловсролын шинжлэх ухааны яамны өмнө захирал хүлээнэ гэсэн байгаа.

Өмнө нь яг энэ дүрмийг баримтлаад Ж.Соронзон захирлыг хоёр удаа ажлаас нь чөлөөлсөн байдаг. Эхнийх нь 1995 оны дөрөвдүгээр сард Ж.Соронзон захирлыг чөлөөлсөн. Шалтгаан нь тухайн үед Ж.Соронзон БШУ-ны сайд болон яамны эрхэлсэн албан тушаалтнуудыг үл тоож, бодлого чиглэлийг эсэргүүцсэн учраас арга хэмжээ авъя гэтэл тухайн үед сургуульд нь хүүхдүүдээ сургаж байсан УИХ-ын гишүүдээр далимдуулан яамыг дарамталж, завхарсан хэрэг болж байсан юм билээ. Энэ тухай Ж.Соронзонгийн оронд томилогдсон С.Эрдэнэмаам гэдэг хүний ярилцлага байдаг. 

https://fb.watch/fqntuUdkwJ/

Хоёр дахь нь 2011 оны хоёрдугаар сарын 4-нд тухайн үеийн БШУ-ны сайд Ё.Отгонбаярын тушаал. Тухайн оны нэгдүгээр сарын 31-нд Монгол-Оросын хамтарсан сургууль дээр онц ноцтой хоолны хордлого гарсан. Тус сургуулийн өдөр өнжүүлэх буюу бэлтгэл бүлэгт сурч байсан 6-8 насны 126 хүүхэд хордож, 16 нь ХӨСҮТ-ийн сэхээн амьдруулахад хэвтээд, гурван хүүхдийн бие маш хүнд болсон. Иймд хариуцлага алдсан үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн боловч Ж.Соронзон захирал хоёр удаагийн эдгээр шийдвэрийг эсэргүүцэж шүүхдээд буцаж ирсэн байдаг. 

Одоогийн тохиолдолд мөн л дээрх дүрэм хүчин төгөлдөр байгаа. ТУЗ тэрийг хэлэлцэх ямар ч эрх байхгүй. Хэрэв дүрэм дээр нь БШУ-ны сайд шийдвэр гаргасныг ТУЗ баталгаажуулна гэсэн үг байсан бол хэлэлцэх ёстой байсан. 

-Нэгэнт шийдвэр гарсныг ЗГХЭГ-ын дарга үндэслэлийг нь тодорхой хэлж, олон нийтэд танилцуулсан. Тиймээс хэрэгжинэ гэж ойлгож байгаа шүү дээ.

-Өнөөдөр надад ажилтнуудаас нь мессэж ирж байна. “Ж.Соронзон захирлыг ажлаас нь халж, ажлыг нь хүлээлцэх хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилсон тушаалыг бид харсан. Гэвч энэ сургууль дээр ажил хүлээлцэх гэж нэг ч хүн ирсэнгүй. Харин Соронзон захирал эцэг эхчүүдийг хурлын танхимд уриад,  хоол унд өгч, намайг магтсан мессэж коммент бич, яамны гадаа жагс гэж шахаж байна” гэдэг мессэж ирүүлж байна. 

Хоёрдугаарт, үйлчлэгч Мөнх-Эрдэнийг зодсон бөгөөд тухайн иргэн эмнэлэгт байгаа талаар мэдээлэл гарсан. Гэтэл “Тэр талаар та нарын хэн нь ярьж мэдээлэл өгсөн бэ?” гээд үйлчлэгч нараа өнөөдөр өрөөндөө нэг нэгээр нь дуудаад, хажуудаа хүн байлцуулаад утасны бүх дуудлага, мессэжийг нь шалгаад байгааг надад мөн хэлсэн. Тэр хүмүүс айдаст автаад, над руу ярьсныг нь би пэйж дээрээ тавьсан. 

“Энэ хүнийг чөлөөлөх ч үгүй байгаад байна. Үнэхээр дарамттай байна. Яамны тушаал хэрэгжихгүй байна” гээд над руу хандсан. Тушаал шийдвэр нь хаанаа хийдэл гараад байгааг би мэдэхгүй байна.