Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

П.Наранбаяр: Амласнаа хэрэгжүүлдэггүй хандлага ОХУ-д заримдаа ажиглагддаг

П.Батзаяа, Өдрийн сонин
2022 оны 9 сарын 9
Өдрийн сонин
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Олон улс судлаач П.Наранбаяртай ярилцлаа.

- Сүүлийн үед цахим орчинд Япон улс манай улсад оруулсан бүх төрлийн хөрөнгө оруулалтаа зогсоох шийдвэр гаргасан гэх мэдээлэл цацагдсан. Та энэ мэдээллийн талаар ямар байр суурьтай байгаа вэ?

- Энэ бол хуурамч мэдээлэл. Зарим хүмүүс цахим орчинд санаатайгаар цацсан болов уу. Японы Засгийн газар албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй байхад энэ мэт худал мэдээлэл тараах нь байж боломгүй үйлдэл.

Монгол Улсын гадаад орчин үнэхээр таагүй байна. Хөрш ОХУ Украиныг түрэмгийлэх дайн явуулж байна. Нөгөө талдаа Тайванийн асуудал хурцадмал хэвээр. Удахгүй болох БНХАУ-ын Коммунист намын их хурлаар Си Жиньпин дахин сонгогдвол нэг хүний дарангуйлал тогтлоо гэсэн үг. Ингэснээр манай гадаад орчны таагүй байдал үргэлжилсээр байх болно.

Өөрөөр хэлбэл, хоёр хөрш улс дарангуйлал руу явсаар байх нь манай ардчилалд сөрөг нөлөөтэй. Монгол Улс их гүрнүүдийн хайчин харилцаанд өртөх аюул занал ч бодитой байна.

Манай улсын хувьд ОХУ- тай тогтоосон сайн хөршийн харилцаагаа үргэлжлүүлэх учиртай.

- Хоёр том гүрний дунд оршиж байгаа манай улс гуравдагч хөршийн бодлогоо ямар хэмжээнд авч явах нь зүйтэй вэ?

- Манай улс гуравдагч хөршийнхөө бодлогыг тодорхойлохдоо ардчилсан, өндөр хөгжилтэй орон байна хэмээн тодорхой заасан. Тийм ч учраас гуравдагч хөршөөрөө АНУ болон Япон улс, Европын холбоог нэрлэдэг. Энэ үед манай улсын гуравдагч хөршийн талаар баримтлах бодлого тун чухал.

Ялангуяа их гүрнүүдийн хоорондын зөрчил хурцаар илэрч байгаа энэ үед гуравдагч хөрш болоод олон тулгуурт гадаад бодлого чухлаар тавигдаж байна.

- Манай улс олон тулгуурт гадаад бодлогыг баримталж ажиллаж чадаж байна уу?

- Чадаж байна гэж бодож байна. Сүүлийн үед манайд ирсэн томоохон айлчлалуудаас харахад нэлээд тэнцвэртэй байгаа. Тухайлбал, Япон, БНСУ-ын гадаад харилцааны сайд, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нар айлчилсан бол нөгөө талаас БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И, ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров нар манайд айлчилжээ. Ер нь жижиг улсын хувьд гадаад харилцаа тогтвортой байх ёстой.

Хүн ам, газар нутаг, эдийн засаг, цэргийн хувьд хүчирхэг их гүрнүүд гадаад харилцаагаа өөрсдөө тодорхойлоод явж чаддаг. Харин манайх шиг жижиг улсын хувьд олон тулгуурт буюу бүх улс, оронтой эвтэй, найрсаг харилцах нь чухал.

- Өнгөрсөн хугацаанд төрийн тэргүүн болоод Засгийн газрын тэргүүнүүд өөр өөр мэдээлэл, үзэл баримтлалтай байх тохиолдол байсан. Ялангуяа гадаад нөхцөл байдал ээдрээтэй байгаа энэ үед манай улсын гадаад бодлого бүх шатандаа ойлгомжтой, нэг ойлголт, үзэл баримтлалтай байх учиртай байх л даа?

- Манай улсын тухайд Ерөнхийлөгч төрийн тэргүүний хувиар улсаа бүрэн төлөөлөх эрхтэй байдаг. Тиймээс Ерөнхийлөгчийн баримталж байгаа гадаад бодлого, Засгийн газрын Гадаад харилцааны яамнаас баримталж байгаа гадаад бодлого маш сайн нийцэж байх шаардлагатай. Тухайлбал, энэ үйл явц Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед нэлээд алдагдсан болов уу гэж хардаг.

Гадаад харилцааны яам мэдээлэлгүй сууж байхад Ерөнхийлөгчийн ажлын албанаас гэнэтийн шийдвэр гарсан зүйл харагддаг. Тиймээс хоорондын уялдаа холбоог сайтар уялдуулдаг жишгийг одоогийн Ерөнхийлөгч тогтоочхоосой.

Ялангуяа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийг хүлээж авсан үйл явц манай гадаад бодлогод эерэг нөлөө авчирсан болов уу. Тухайлбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүнийг өөрийн биеэр онгоцны буудал дээр тосон авч, манай улсад суугаа бүх орны Элчин сайдуудыг оролцуулсан нь НҮБ-ын байр суурь ганхаж байгаа үед чухал алхам болжээ. НҮБ-аас зохион байгуулж байгаа хурал бүрд төрийн тэргүүн очих хэрэгтэй.

Монгол Улс төвийг сахисан байр суурь барих төдийгүй дайныг зогсоохын тулд НҮБ-ын индэр дээр идэвх чармайлт гаргаж, олон талт дипломат ажиллагааг идэвхжүүлэх шаардлагатай. Яагаад гэвэл, Орос, Украины дайн алсдаа манай улсад асар хортой.

-Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Дорнын эдийн засгийн VII чуулганд оролцож байна. Та тус айлчлалын үр дүнг хэрхэн таамаглаж байна вэ?

- ОХУ-ын Дорнын эдийн засгийн чуулган уламжлал болгон зохион байгуулагддаг. Тус чуулганд Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ оролцож байгаа нь зөв алхам.

Бид ОХУ-тай мөнхийн хөрш. Тийм учраас Сибирьт хандсан ОХУ-ын хөгжлийн бодлого Монгол Улсын гадаад орчин таатай болоход эерэг нөлөө үзүүлж, тус айлчлалаас олон сайн үр дүн гарах болов уу.

Тухайлбал, олон жил яригдсан Эгийн голын усан цахилгаан станц барих төслийг урагшлуулах алхмууд тавигдлаа. Гэхдээ ОХУ заримдаа хэлснээ хэрэгжүүлдэггүй байх нь бий. Ялангуяа төмөр замын бодлогоор манай улсыг ихээхэн боомилсон шүү дээ.

- Зарим талаараа аль нэг улсад хийх айлчлалын үеэр яригдсан ажлууд бодит ажил хэрэг болж, үр дүн гарах нь удаашралтай байгаа мэт санагддаг. Айлчлалын үеэр яригдсан асуудлуудыг бодит ажил хэрэг болгож, нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нолоог нэмэгдүүлэхийн тулд юунд анхаарч ажиллах ёстой вэ?

- Гадаадад хийсэн айлчлалуудын хүрээнд хөрөнгө оруулалтууд нэмэгдэхээс гадна хувийн хэвшил хоорондын худалдаа, арилжаа нэмэгдэх, хилийн боомтууд нэмэгдэх зэрэг олон эерэг үр дүн гарч болно.

Тухайлбал, Ерөнхий сайдын ОХУ-д хийж байгаа айлчлалын тухайд Сибирь бол манай улсын далайд гарах нэг гарц. Бид ганцхан Тяньжинаар далайд гарах гарцаа хязгаарлаж болохгүй.

Ялангуяа Зүүн хойд Ази руу хандсан чухал боомт учраас ийм харилцаа байх шаардлагатай гэж бодож байна. Монгол далайд гарцгүй тул дэлхийн эдийн засгийн хөгжлөөс хоцрох магадлал өндөртэй улс болохоор тэр.

Зураг