Уншиж байна ...

О.Батбаяр: Эрдэмтэд энэ өвөл Омикроноос шинэ хувилбар гарч, шинж тэмдгийн хувьд хүндрэлтэй байна гэсэн таамаглал дэвшүүлсэн

А.Намуун, iKon.mn
2022 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ЭМ-ийн сайдын зөвлөх О.Батбаяр мэдээлэл өглөө.

Тэрбээр "Дэлхийн улс орнууд цар тахлын гурав дахь өвлийг угтах гэж байна. Хойд уртрагийн буюу өвөл хүйтэн болдог улс орнуудад коронавирусийн халдварын томоохон давлагаа үүснэ хэмээн мэдээлж, бэлтгэлээ хангаж байна. ДЭМБ-аас өнгөрсөн долоо хоногт өгсөн мэдээллээр дэлхий дахинд коронавирусийн халдварын тохиолдол 9%-аар, нас баралт 15%-аар буурчээ.

Манай улсын багтдаг Номхон далайн баруун бүсэд халдварын тохиолдол 8%-аар, мөн нас баралт өссөн байна. Энэ өвөл коронавирусийн халдварын тохиолдол улс орнуудад хоёр дахин нэмэгдэх таамаглалыг гаргаж байна. АНУ, Их Британийн эрдэмтэд коронавирусийн халдварын тохиолдол тухайлбал АНУ-д оргил үедээ өдөрт 1 сая тохиолдлыг бүртгэнэ гэсэн таамаглал гаргаад байна. 

Улс орнуудын тактикийг харвал 9 дүгээр сарын 1-нээс 60-аас дээш насны иргэдээ нэмэлт вакцинд хамруулах бодлого барьж байна. Манай улсын хувьд хамгийн давуу тал нь коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн. Хүн төрөлхтөн вакцин хийлгэснээр коронавирусийн цар тахлыг амжилттай давж буй.

АНУ, Их Британи улс 9 дүгээр сарын 1-нээс Омикрон хувилбарын шинэ вакциныг бүртгэж, худалдан авалт хийн бэлтгэлээ хангаж байна. Омикронд чиглэсэн хувилбарын шинэ вакцинуудыг тарихад бэлдэж байна. Омикроны В.А.5-ын араас шинэ хувилбар гарч ирнэ. Дэлхийн олон орны эрдэмтэд коронавирусийг улирлынхтай адил нутагшмал хэлбэрт орж, хөнгөн өвтгөдөг, гурван жилд нэг удаа давлагаа өгдөг хувилбар руу шилжинэ гэсэн таамаглалтай байсан.

Харамсалтай нь энэ таамаглал эвдэгдэж Омикрон дотроос шинэ хувилбар гарч, шинж тэмдгийн хувьд хүндрэл эрсдэлтэй. 60-аас дээш насны хүн ам болон вакцингүй байгаа 11-ээс доош насныханд эрсдэл учруулах таамаглалыг дэвшүүлж байна.

Энэ намар, өвөл эхлэх томуу төст өвчинтэй хавсарсан томоохон дэгдэлтүүд цар тахлын шинэ хувилбартай хавсрах учраас эм тариа, эмнэлгийн хэрэгслийн болон эмч, ажилтны нөөц бүрдүүлэх, худалдан авалт хийх бэлтгэл ажлуудыг хийж байна" хэмээн мэдээллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1378001626022148