Уншиж байна ...

Т.Ням-Очир: Нийслэлд цэцэрлэгийн хүчин чадал 140,904 гэж гарсан

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Боловсрол, Шинжлэх Ухааны Яам(БШУЯ)-наас цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна. 

Энэ жил цэцэрлэгийн бүртгэлийг цахимаар гурван үе шаттай явуулж байгаа. Нэгдүгээр шат өндөрлөсөн бөгөөд хүүхэд нь гэрээсээ хол цэцэрлэгт хуваарилагдсан, нэг айлын хүүхдүүдийг өөр өөр цэцэрлэгт хуваарилсан байна зэрэг санал гомдол эцэг эх, асран хамгаалагчдаас нь ирсээр байгаа юм.

Бүртгэлийн үр дүнгийн талаар Боловсролын Ерөнхий Газар(БЕГ)-ын дарга Т.Ням-Очир "Бүртгэл нэг удаа хийгдээд хаагдахгүй, дараагийн шатныхыг нь удахгүй нээнэ. Хаягийн зөрчил, тодорхой шалтгааны улмаас хоцорсон хүмүүст боломж нээлттэй байгааг хэлмээр байна.

Боловсролын салбарын системийн мэдээллийг нэгтгэхэд нийслэлд цэцэрлэгийн хүчин чадал 140,904 гэж гарсан.

  • Төрийн өмчийн болон хувийн хэвшлийн цэцэрлэгүүдэд 124,244
  • түрээсийн байр буюу салбар цэцэрлэг 15,133
  • байгууллагын цэцэрлэгт 2,527 хүүхдийн хүчин чадал нийслэлийн хэмжээнд бэлэн болсон.

e-Mongolia системээр 111,542 эцэг, эх хүүхдээ цэцэрлэгт явуулахаар бүртгүүлсэн. Бүртгүүлсэн хүүхдийн тоо болон хүчин чадлыг харьцуулахад боломжтой харагдаж байгаа.

Гэвч зарим хороонд хэт өндөр ачаалал үүсэж байна. Тухайлбал, Нарны хороолол, Алтай хотхон зэрэг байршилд цэцэрлэгийн насны 3,000 хүүхэд, төрийн өмчийн хоёр, хувийн хэвшлийн зургаан цэцэрлэг бий бөгөөд нэмээд 2-3 түрээсийн байр шийдчихсэн. Нэг бүлэг дүүргэлтийн тоог 40-өөр тооцсон ч ачаалал үүсэж байгаа. Иймд нэмэлтээр түрээсийн байр хайж байгаа. Мөн Офицеруудын ордон, СХД-ийн 27, 36 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 3, 15, 18, 21 дүгээр хороо буюу Яармагийн гүүрний цаад хэсэг, Хүннү, Рапид хороолол зэрэг байршил болон Хангай хотхон орчимд хэт өндөр ачаалал үүсэж, салбар бүлэг байгуулсан ч асуудал үүсэж байгааг зохицуулахаар нэмэлт тохируулга хийнэ.

Үүнээс гадна түрээслэхээр тохирсон байршлуудад зарим хүн тохирооноосоо буцах асуудал гарсан" гэлээ.

Шууд үзэх:
https://www.facebook.com/iKonNews/videos/2708968075914614