Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Автомашины хаягдал батарейг дахин боловсруулах асуудлыг импортлогчидтой хамтран шийдвэрлэх шаардлагатай"

П.Зоригт, IKON.MN
2022 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Шадар сайдын ажлын алба

Шадар сайд С.Амарсайхан "Тоёота сэйлс Монголиа” компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Ясуо Оучиг өчигдөр хүлээн авч уулзлаа. 

Энэ үеэр тэрбээр "Дэлхий нийтээрээ хосолсон хөдөлгүүрт буюу hybrid автомашиныг өнөө үед сонгох нь элбэг болсон. Хэдийгээр энэ төрлийн автомашин нь шатахуун бага зарцуулдаг, байгаль экологид ээлтэй ч түүнээс гарах хаягдал батарейг хэрхэх нь дэлхий нийтэд асуудал дагуулаад буй. Манай улсад ч энэ асуудал тулгамдаад байгаа" гэдгийг хэлсэн юм. 

Мөн үргэлжлүүлэн “Манай улсад жилд 80 мянга гаруй автомашиныг Япон улсаас оруулж ирдэг. Энэ нь жилд дунджаар 300 сая ам.доллар гадаад зах зээл рүү урсаж байна гэсэн үг. Энэ тоо цаашид ч нэмэгдэнэ. Хэдийгээр хосолсон хөдөлгүүрт автомашиныг сонгон хэрэглэх иргэдийн тоо нэмэгдэж байгаа нь агаарын бохирдлыг бууруулахад тодорхой нөлөө үзүүлэх ч нөгөө талаасаа хаягдал батарей их хэмжээгээр хуримтлагдаж буй нь бидний хувьд тулгамдсан асуудал болоод байна.

Монголд энэ төрлийн хаягдлыг устгах, дахин боловсруулах боломж, нөхцөл одоогоор байхгүй. Тиймээс “Тоёота моторс” корпораци гол нийлүүлэгчийн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд хаягдал батарейг дахин боловсруулах, сөрөг нөлөөллийг бууруулах асуудалд анхаарал хандуулах цаг нь болсон гэж бодож байна. Монгол Улсын Засгийн газраас ч энэ чиглэлд анхаарч, автомашин импортлогч аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой шаардлага тавих болно” гэв.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, УИХ-аас төлбөрийн тэнцлийн асуудалд ихээхэн анхаарч ажиллаж буй талаар дурдсан юм. Энэ хүрээнд томоохон импортлогч компани, аж ахуйн нэгж байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсын төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах тал дээр хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байгааг илэрхийллээ.

зураг
 
Шадар сайдын ажлын алба

 

Эх сурвалж: Шадар сайдын ажлын алба