Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгийн шүүх “өдөөн хатгасан хувцас” өмссөн шалтгаанаар бэлгийн халдлагын хохирогчийг буруутгажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Энэтхэгийн өмнөд бүсийн Керала мужийн шүүх саяхан бэлгийн халдлагын хэргийг шүүхдээ хохирогч эмэгтэйг “өдөөн хатгасан хувцас” өмссөн буруутай гэж дүгнэжээ.

Шүүхийн дүгнэлтэд хохирогч “бусдыг өдөөн хатгасан хувцас өмсөөгүй бол ийм хэрэг гарахгүй байсан”, 74 настай бие муутай эрэгтэй бусдыг “хүчээр татаж өвөр дээрээ суулгаад хөхөнд нь хүрсэн” гэх мэдүүлэг хэтэрхий үнэмшилгүй сонсогдож байгааг тайлбарласан байна.

Ийм үндэслэлээр бэлгийн халдлагын сэжигтэнд шийтгэл оноохоос татгалзжээ.

Кералагийн шүүхийн шийдвэрийн тухай мэдээ Энэтхэгийн хэвлэлүүдэд нийтлэгдсэний дараа олон хүнийг бухимдуулсан юм.

Дели хотын Эмэгтэйчүүдийн Зөвлөлийн ерөнхийлөгч Свати Маливал “Бэлгийн халдлагын хохирогчийг буруутай гэж үздэг сэтгэлгээнээсээ бид хэзээ салах вэ?” гэж Твиттер хуудсандаа бичээд хэргийг Кералагийн дээд шүүхээр дахин хянуулахыг уриалжээ.

Энэтхэг улсад эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн халдлага, хүчирхийлэл маш олон гардаг ч ихэнх хэргийн буруутнууд зохих шийтгэлээ хүлээлгүй өнгөрдөг.

2017 онд Дели хотын нэг шүүгч хүчингийн хэрэг шүүхдээ хохирогч эсэргүүцлээ сул илэрхийлсэн нь дотроо хүсэмжилж байсны шинж байх магадлалтай гэж дүгнэж байжээ.

2021 онд Мумбай хотын шүүх 39 настай эрэгтэй 12 настай охиныг хүчиндэхдээ хувцсыг нь тайлаагүй тул буруутгах үндэсгүй гэж дүгнэж байв. Өөрөөр хэлбэл арьс, арьсаараа хүрэлцээгүй тохиолдолд хүчингийн хэрэгт тооцохгүй гэж үзэж байжээ.

Хамгийн сүүлийн жишээ гэвэл энэ долоо хоногийн Даваа гарагт тусгаар тогтнолын ойн баярыг тохиолдуулан Энэтхэгийн шүүх хүчингийн хэргээр шийтгүүлсэн 11 эрэгтэйг цагаатгаж, шоронгоос сулласан нь хохирогчийн талынхан болон зарим улс төрчдийг хилэгнүүлсэн юм. Тэд 2002 онд гарсан Хиндү, Ислам шашинтнуудын мөргөлдөөний үеэр хөл хүнд муслим эмэгтэйг бүлэглэн хүчиндээд бүх насаар хорих ялаар шийтгүүлж байжээ.

 

Эх сурвалж: CNN