Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Америк, Хятадын эрдэмтэд хүн, байгальд хортой химийн бодисыг задлах аргыг нээжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Наалдуулдаггүй хайруулын таваг зэрэг олон хэрэглээнд өргөн ашиглагддаг химийн бодисыг “үхэшгүй мөнхийн” гэж хочилдог.

Хүний амьдралд чухал хэрэгтэй ч нөгөө талаар асар хортой гэгддэг уг бодисыг задалж, устгах аргыг нээснээ АНУ, Хятадын хэсэг эрдэмтэд өчигдөр зарлажээ.

“Дэлхий нийтэд сайн зүйл хийдэг учраас л би шинжлэх ухааны салбарт ажилладаг юм” гэж уг нээлтийг хийсэн эрдэмтдийн ахлагч Нортуэстерн их сургуулийн эрдэмтэн Уилльям Диктел хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдэд ярьсан байна.

PFAS хэмээх нэртэй уг химийн бодисыг анх 1940-өөд оны үед бүтээсэн нь өнөөдөр наалдуулдаггүй хайруулын таваг, ус нэвтрүүлдэггүй даавуу, гал унтраагч хөөс зэрэг олон бүтээгдэхүүнд ашигладаг.

Гэвч эдгээр бүтээгдэхүүнүүдийн хаягдлаас хуримтлагдсан PFAS агаар, хөрс, усыг бохирдуулж, хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг юм. Саяхан Стокхольмын их сургуулийн эрдэмтэд борооны усыг гол хордуулагч нь PFAS болохыг тогтоож байв.

Энэхүү бодис бага хэмжээгээр хүний биед ороход элэг гэмтээх, холестеролын хэмжээг нэмэгдүүлэх, дархлааны системийг сулруулах, хэд хэдэн хорт хавдар үүсгэх зэрэг олон эрсдэл үүсгэдэг байна.

Өмнө нь PFAS-ийн хүчтэй, бат бөх химийн нэгдлийг задлахын тулд маш өндөр температурт халаах, хэт авианы долгионоор шарах зэрэг хэцүү төвөгтэй арга хэрэглэдэг байв.

Тэгвэл Америк, Хятадын эрдэмтдийн баг одоо Цельсийн 80-120 хэмийн температурт халааж, энгийн уусгагч ашиглан урвалд оруулах замаар амархан задлах аргыг нээгээд байна.

Гэхдээ эрдэмтэд PFAS-ийн төрлийн нийт 12,000 гаруй бодис байдгаас зөвхөн арав дээр нь туршсан ажээ. Эдгээрийн дотор хамгийн түгээмэл хордуулагчид тооцогддог GenX багтсан байна.

“Ахиллийн өсгий нь ижил биш өөр олон төрлийн бодис байгаа. Гэхдээ эдгээр нь тус бүрдээ өөр өөрийн сул талтай юм. Хэрвээ бид үүнийг нь олж чадвал хэрхэн устгах аргыг мэдэж болно” гэж Диктел мэдэгдэлдээ хэлжээ.

Эрдэмтдийн судалгааны тайлан Science сэтгүүлд нийтлэгдсэн юм.

 

Эх сурвалж: AFP