Уншиж байна ...

Б.Оргил: ХХБ нь Монгол улсаас анх удаа гадаад төлбөр тооцоо гүйцэтгэх иж бүрэн систем visa B2B Connect системд нэвтэрлээ

ikon.mn
2022 оны 8 сарын 17
Сурталчилгаа
Зураг зураг

Жижиг дунд бизнесүүд эдийн засгийн гол эргэлт болсоор ирсэн. “Бизнес өрөг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт жижиг дунд бизнесүүдийг Худалдаа хөгжлийн банк ямар бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дэмжин ажиллаж байгаа талаар Худалдаа хөгжлийн банкны, Жижиг дунд бизнесийн газрын захирал Б.Оргилтой ярилцлаа.

-Энэ оны эхний хагас жилд Худалдаа хөгжийн банкны цэвэр ашиг 138.1 хувиар өссөн байна. 149 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Хүүгийн бус орлого үүнд илүү нөлөөлсөн гэсэн. Энэ орлогод юу нөлөөлөв. Хүүгийн бус орлого гэдэг нь юу вэ?

Хүүгийн бус орлогод маш олон зүйлс ордог. Бид аль болох хугацаа хэтэрсэн зээлд түлхүү анхаарч, түүний эргэн төлөлтөд ажилласан. Үүний үр дүнд манай ашгийн хэмжээ тодорхой хэмжээнд өссөн. 2021 оны мөн үеэс 2022 оны эхний хагас жилийн байдлаар ийм дүнтэй гарч байна.

-Ихэнх банк иргэдийн банк, байгууллагын банк гэдэг хоёр том сектортой. Гэтэл танайх тусдаа жижиг дунд бизнесийн газар гэж байгуулсан байна. Тусдаа ийм газартай болсны хувьд, жижиг дунд бизнес эрхлэгчдэд олгож байгаа давуу талууд нь юу вэ?

Худалдаа хөгжлийн банк сүүлийн 32 жилийн хугацаанд бусад банкны адил иргэдийн болон байгууллагын банк гэсэн хоёр сегментэд хуваагдаж бизнесийн үйл ажиллагаа явуулдаг байсан. Сүүлийн хоёр жилийн хугацаанд бид бизнесийн моделийг жаахан өөрчилсөн.

Өмнө нь бид жижиг дунд бизнес эрхлэгчдийг корпорэйт харилцагч эсвэл иргэдийн харилцагч гэдэг хоёрхон сегментэд хуваадаг байсан. Энэ иргэдэд тавигдаж байгаа зээлийн шалгуур, тухайн хүмүүсийн зээлийг гаргахад судалгаа хийж байгаа аргачлал нь нэг бол жижиг зээлийн судалгаа шиг, эсвэл бүр том зээлийн судалгаа шиг хийгддэг. Энэ дунд байгаа хэсэг нь тухайн харилцагчдаа зориулсан байдлаар зээлийн судалгаа хийх, тухайн харилцагчийн материалыг бүрдүүлэхэд бага зэрэг хүнд байдал үүсэж байсан.

Бид энэ орон зайг хамгийн зөвөөр шийдэх нь харилцагчдадаа болоод банкандаа шийдвэр гаргах төвшинд нь энгийн бөгөөд хялбар байдлаар судалгаа шинжилгээ хийх. Харилцагчтайгаа илүү ойртож, бизнесийг нь өргөжүүлэхэд илүү түлхэц болно гэж үзэж,  энэ моделийг сонгож, моделийн дагуу бизнесээ өргөжүүлээд ажиллаж байна.

ХАРИЛЦАГЧДАДАА САНХҮҮГИЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ, ДАРААГИЙН ТҮВШИНД ГАРАХАД ТУСАЛДАГ

-Жижиг дунд бизнесүүдийг маш чухал сегмент шүү гэж тусад нь авч үзэж байна гэсэн үг. Гол нь бизнесийн зээлийг илүү богино хугацаанд гаргах, санхүүгийн зөвлөгөө өгөх зорилготой гэсэн үг үү?

Тийм. Худалдаа хөгжлийн банкийг яагаад гурван сегментэд хувааж байгаа вэ гэвэл, харилцагч бүр өөрийн гэсэн зан төлөвтэй. Хийж байгаа бизнес бүр нь өөрийн гэсэн соёлтой.

Тухайн харилцагч жижиг бизнес эрхэлдэг бол иргэд банкны суурьтай бүтээгдэхүүн дээрээ тухайн бизнесийг хөгжүүлдэг. Тухайн харилцагчид зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээ, холбогдох хамгийн бага хүүтэй зээлийн эх үүсвэр санал болгох, банкны суурь бүтээгдэхүүн хэрэглэхийг санал болгодог. Иргэдийн банкны жижиг зээлүүд сайжирч, өөрийн гэсэн байр сууриа эзлээд ирэхээр жижиг дунд бизнесийн сегмент рүү ордог.

Бид үүнийг илүү сайн, хүүгийн хувьд ямар байх ёстой, мөнгөн урсгалыг яаж тооцох ёстой, сар бүр оруулдаг санхүүгийн хэрэгцээг яаж тооцох, яаж хуримтлал бий болгох, эрсдэлээ хэрхэн зөв удирдах зэрэг талаас нь харилцагчдадаа зөвлөгөө өгдөг. Үүний дагуу харилцагчаа дахиад хөгжүүлж, бойжуулаад байгууллагын банк руу шилжүүлдэг.

-2020 оны байдлаар 63 мянга гаруй жижиг дунд бизнес байна гэсэн судалгаа бий. Ковидын үед энэ тоо өөрчлөгдсөн үү. Танайд жижиг дунд бизнес эрхэлдэг хэчнээн харилцагч байна вэ?

-2021 оны байдлаар яг жижиг дунд бизнесийн банкны газрын бүртгэлд 60 мянган харилцагч байсан. Үүнд, дэлгүүр ч ажиллуулдаг хүн бий. Томоохон сүлжээ ресторан ажиллуулдаг хүмүүс ч бий. Ийм харилцагч 60 мянга байсан. Сая эхний хагас жилийн байдлаар тооцоход 65 мянга болж өссөн байна. Энэ бол амжилттай тоо.

-Зөвхөн танай банкны харилцагч уу?

Тийм, зөвхөн манай банкны сегментэд байгаа харилцагч. Таны харсан тоон мэдээлэл бол жижиг дунд бизнес эрхлэгч гэдэг улсын бүртгэлийн тоо. Бүртгэлгүйгээр, манайх дотооддоо бүртгэсэн системийн агуулгаар жижиг дунд бизнес эрхлэгч гэдэг тооцооллоор харвал өсөлт нь ингэж харагдаж байна. Улсын хэмжээнд бүртгэсэн бүртгэлийн тоотой жаахан зөрнө. Учир нь бид харилцагчаа сегментэлдэг. Тэр хүрээнд тодорхой тооны зөрүү гардаг. Гэхдээ тухайн хүмүүстээ зориулсан бизнесийн зээл болон эргэлтийн хөрөнгө, хөрөнгө оруулалтын зээл бусад холбогдох төсөл хөтөлбөрүүдтэй холбоотой зээлийг бид яг адил, жигд хүртээмжтэй хүртээж ажилладаг.

ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН 65 ОРЧИМ  ХУВЬ НЬ ЗЭЭЛТЭЙ БАЙНА

-Та бүхний тодорхойлдог жижиг дунд бизнес гэдэг тодорхойлолтод ямар байгууллага хамаардаг вэ. Нийтлэг бол жилийн 300 саяас нэг тэрбум төгрөгийн орлоготой, 15-аас дээш хүнтэй гэж үздэг бил үү?

Банк тэр стандартын дагуу зээлэх боломжтой хэмжээг нь 350 саяас нэг тэрбум төгрөг хүртэлх гэж үздэг. Боломжит орлого нь 100 саяас 3.5 тэрбум хүртэлх борлуулалтын орлоготой айлыг жижиг дунд сегментийн айл гэж тодорхойлж байна. Гэхдээ энд харилцагч бүрийг өөрөөр тодорхойлж үздэг.

Жишээлбэл, найман нэрийн дэлгүүртэй хүний сарын борлуулалт 120 сая төгрөг байдаг бол тухайн хүн манай жижиг дунд сегментийн айл. Энэ хүнд зориулсан банкны ямар бүтээгдэхүүн байх вэ гэдгийг тооцож,  бүтээгдэхүүнээ хөгжүүлж ажилладаг.

-Танайд байгаа тоогоор нийт 65 мянга орчим жижиг дунд бизнес байлаа гэж үзэхэд хэдэн хувь нь зээлтэй байдаг вэ?

Банк гэдэг үйлчилгээний байгууллага дотор хоёр янзын үйлчилгээ байдаг. Нийт санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлнэ гэсэн үндсэн зорилготой. Энд гүйлгээ болон төлбөрийн гүйлгээ хийдэг үйлчилгээний нэг хэсэг байна.

Нөгөө нь зээлийн үйлчилгээ үзүүлж байгаа хэсэг байна. Хүмүүс ихэвчлэн зөвхөн зээл л хамгийн чухал гэдэг өнцгөөр хардаг. Манай банкны хувьд гүйлгээ хийдэг ч байсан манай сайн харилцагч, зээл авдаг байсан ч манай сайн харилцагч гэдэг өнцгөөр ханддаг.

Одоо манайд байгаа 65 мянган харилцагчийн 35 хувь нь зөвхөн төлбөрийн гүйлгээнүүдийг манай банкаар дамжуулдаг.65 орчим хувь нь зээлтэй. Эргэлтийн хөрөнгө болон хөрөнгө оруулалтын холбогдох бусад жижиг зээлүүд авсан байдаг.

-Жижиг дунд бизнесийн ихэнх нь зээлтэй байдаг. Бизнесийн гол хөрөнгө оруулалт нь зээл гэж харж болох уу?

Энэ жаахан өрөөсгөл ойлголт. Жишээлбэл, Оргил гэдэг хүн бизнес эрхлэхийн тулд өөрт байгаа 15 сая төгрөгт тааруулаад бизнес эрхэлж болно. Гэхдээ тэр бизнес эрхэлж байх хугацаандаа өөрийнхөө 15 сая төгрөгийн хэдэн хувийг нь эргэлтийн хөрөнгөдөө зориулах, хэдэн хувийг нь эрсдэлийн сан болгож, байнга бэлэн байдалд байлгах вэ гэдгээс хамаараад бизнесээ явуулдаг. Зарим жижиг дунд бизнес эрхлэгчдийн эргэц нь томорч эхэлдэг. Эргэц нь томроод ирэхээр тэр хэмжээгээрээ зээлийн хэрэгцээ үүсэж эхэлдэг. Тэр үүсэж байгаа хэрэгцээг хангахын тулд зээл авч байгаа гэж ойлгож болно.

2015-2017 оны хооронд жижиг дунд бизнес эрхлэгчдийн зээлжих чадварын хэмжээ бага байсан. Ойролцоогоор 150-350 сая төгрөгийн хооронд зээлжих чадвартай байдаг байлаа. Сүүлийн хоёр жилийн хугацаанд жижиг дунд бизнес эрхлэгчдийн суурь чадамж маш сайжирсан байна. Дээшээ тэрбум, түүнээс ч дээш зээлжих чадамжтай болсон. Энэ нь бас нэг давуу тал гэж харж байна.

ХАРИЛЦАГЧ БАНКАНД ХАНДАЖ, БИЗНЕСТЭЭ ШИНЖИЛГЭЭ ХИЙЛГЭХ БОЛОМЖТОЙ

-Та жижиг дунд бизнесийн харилцагчдаа судалдаг байх. Тулсан үед цалингаа тавих ёстой. Эсвэл машин тоног төхөөрөмжөө сайжруулъя гэж зээл авдаг уу. Ер нь нийтлэг хандлага нь юу байдаг вэ. Эсвэл бизнес нь дараагийн түвшиндөө гарах гээд тулчхаад байхад зээл авах зориг хүрэхгүйгээс нэг байрандаа гацаад байдаг уу. Ийм анализ, судалгаа байдаг уу?

Зарим хүн маш зоригтой байдаг. Би зээл авах ёстой. Тэгж байж л миний бизнес амжилтад хүрнэ гэж хардаг хэсэг бүлэг байдаг. Зарим нь үнэхээр тоног төхөөрөмжөө шинэчлэхгүй л бол манайх цаашаа өсөхгүй юм байна гэдэг өнцгөөр хардаг хүн бий. Зарим нь “Надад зээл гарах болов уу, гарахгүй болов уу” гэж эргэлздэг хэсэг бүлэг байдаг.

Бидний зөвлөдөг зүйл бол харилцагч зүгээр л банкан дээр ирээд уулзах ёстой. Өөрийнхөө бодож байгаа бодлыг банкны ажилтан, санхүүгийн зөвлөгч гэдэг өнцгөөс хараад, яавал дээр вэ гэдэг зөвлөгөөг авах хэрэгтэй.

Банк бол гурван өнцгөөс харж зөвлөнө. Нэгдүгээрт, оруулж байгаа хөрөнгө оруулалт нь тухайн бизнест хэр их өгөөжтэйг тодорхойлно. Хоёрдугаарт, үүнийг хийснээр зах зээлд хэдэн хувийг эзлэх вэ. Чадамж нь дээшлэх үү гэдэг тооцооллыг хийж өгнө. Бид зах зээлийн судалгааг нь ч хийдэг. Жишээлбэл, энэ шүүс зах зээлд үйлдвэрлээд гарахад хэдэн хувьтай байх, одоо яг хэдэн хувьтай байна. Тэр өнцгөөс нь бүх тооцооллыг гаргаад, та үүнийг солих хэрэгцээ байна уу. Түүний оронд арай илүү маркетинг, сурталчилгаа хийгээд, илүү далайцтай болсны дараа өөрчлөх хэрэгтэй биш үү. Эсвэл хаяг, шошгоо жаахан өөрчлөөд бусдад жаахан танигдах байдлаар яваарай гэх мэт зөвлөгөө өгдөг.

-Зээл авах хүсэлтэй ч бай, зээл авахгүй байсан ч яах вэ дээ гэж бодсон ч бай жижиг дунд бизнесийн газартай уулзаад, зөвлөгөө аваад бизнестээ шинжилгээ хийлгэвэл их зүгээр юм байна. Та зээл авахгүй бол бид шинжилгээ хийж өгөхгүй гэхгүй биз дээ?

Бид үргэлж харилцагчдадаа нээлттэй байна.

“ХЭНД, ЯМАР ҮЙЛЧИЛГЭЭ НИЙЛҮҮЛЖ БОЛОХ ВЭ?” ГЭДГИЙГ БОДОЖ, ШИНЭ БИЗНЕС ЭХЛҮҮЛБЭЛ АШИГТАЙ

-Жижиг дунд бизнесийн зээлжих чадвар илүү сайжирсан гэж байна. Дунджаар 500 саяас нэг тэрбум төгрөгийн зээл авах чадамжтай болж байна гэдэг нь эдийн засгийн чадавх нь сайжирч байна гэсэн үг үү?

Эдийн засгийн чадавх нь сайжирч байна гэхээс илүү жижиг дунд бизнес эрхлэгчид хөгжихдөө корпорэйт байгууллагуудыг дагаж хөгждөг. Корпорэйт байгууллага өмнө нь бүх худалдан авалтаа өөрөө хийдэг байсан. Өөрсдөө бүх ажиллах хүчээ гаргадаг, бүх нөөцөө бүрдүүлдэг байсан. Одоо бол эсрэгээрээ болж байна. Хэн юу чадаж байна тэр хүнээр чаддаг зүйлийг нь хийлгэе гэдэг шийдэлд хүрсэн.

Хөгжлийн шат бол ганцхан жижиг дундын чадавхаасаа илүү корпорэйт айл нь чадавхтай байвал жижиг дунд нь адилхан чадавхтай болно.

-Бид юу чадах вэ гэдгээ хараад, хэнд юугаар ямар үйлчилгээ нийлүүлж болох вэ гэдгээ сайн бодож байж, шинэ бизнес эхлүүлж болох нь байна. Ер нь ямар төрлийн жижиг дунд бизнес илүү хөгжиж байгаа судалгаа харагдаж байна вэ?

Сүүлийн үед үйлчилгээний салбар хурдацтай хөгжиж байна. Ковидын нөлөөллөөс болоод аппликейшн ашиглаж маш ихээр захиалга хийдэг болж байна. Чиг хандлагын хувьд финтек, хиймэл оюун ухаанд суурилсан, хүргэлтийн үйлчилгээ, онлайн худалдаа зэрэг цахимжих, дижиталжих үзэгдлүүд ажиглагдаж байна.

-Худалдааны бизнес илүү өндөр ашигтай байна гэж ярьдаг. Гэхдээ бид үйлдвэрлэгч орон байх ёстой. Манай улсад үйлдвэрлэгчид хэр хөгжиж байна. Та зээлжих зэрэглэл, тоог нь харж байгаагийн хувьд хэдэн жилийн дараа нуруу нь тэнийгээд, аятайхан болж эхэлдэг вэ?

Бизнесийг тогтвортой, урт хугацаандаа хийх нь эргээд зах зээлд танигддаг. Харилцагчтай болно. Бизнес эрхлэгч өөрөө туршлагатай болно гэдэг өнцгийг 15 жилийн ажлын туршлагаас харж байна.

Манай үйлдвэрлэгчдийн хувьд бүгд маш сайн хичээж байна. Бид үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжье гээд манай банк ч, бусад иргэд ч үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ хэрэглэхийг илүүд үздэг болсон. Энэ нь үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж байгаагийн нэг илрэл.

Хоёрдугаар илрэл нь банк ямар байдлаар дэмжих ёстой вэ. Банк тухайн үндэсний үйлдвэрлэгчдэдээ хамгийн бага хүүтэй, боломжит хугацаатай, тухайн эргэлтийн хөрөнгийг нь аль болох багасгахгүй байх зохион байгуулалтаар, гаднын эх үүсвэр буюу хямд эх үүсвэрүүдийг олж авчирдаг. Үүний дагуу бид жижиг дунд бизнес эрхлэгчдэд түлхүү зээл олгодог.

Бизнес эрхэлж байгаа хүмүүсийн хувьд барьцаа хөрөнгийн асуудал бас их яригддаг. Манай банктай урт хугацаанд хамтын ажиллагаатай байсан бол бид дансны орлогыг барьцаалах байдлаар барьцаа хөрөнгийн хүрэлцээгүй байгаа айлуудад зээл олгодог.

Банктай тууштай, урт хугацааны хамтын ажиллагаатай байх нь маш чухал. Тэгснээр бид харилцагчдаа өгөх давуу талыг бий болгодог. Манай улсын иргэд хаана бага хүүтэй эх үүсвэр байна гээд банк солиод явдаг.  Энэ  нь богино хугацаандаа ашигтай байж болно. Гэхдээ урт хугацаандаа, тогтвортой хамтын ажиллагаатай байх нь тухайн хүнд авах давуу тал нь өндөр байна.

НОГООН БИЗНЕС БОЛОН ЭМЭГТЭЙ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ ЗЭЭЛ ГАРГАЖ БАЙНА

-Танай онцлох бизнес гэвэл ногоон бизнес. Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зээл гаргаж байгаа юм байна. Ногоон бизнес гэхээр ямар бизнесүүдэд зээл олгоно гэсэн үг вэ?

Байгаль орчиндоо ээлтэй байх ёстой гэдэг зарчмаар үндсэн шалгуур тавигддаг. Үүний хүрээнд нэлээн олон компани манайхаас тэр зээлийг авсан. Жишээлбэл, тосон тогоо гэж компани байдаг. Хаягдал дээр байгаа хайлшуудыг цуглуулж, хайлуулаад, цутгалт хийж, тогоо үйлдвэрлэдэг. Энэ нь Монголын зах зээлд 15-20 хувийг эзэлдэг. Маш эрэлттэй тогоо байдаг. Суурь нь бөөрөнхий биш, хавтгай байдаг учир эрэлт ихтэй.

-Энэ бизнесийг ногоон бизнес гэдэг зээлийн ангиллаар хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгож байна гэсэн үг үү?

Хөнгөлөлттэй бөгөөд урт хугацааны зээл олгож байна. Эмэгтэй бизнес эрхлэгчдийн зээлийн хувьд манай Монгол Улсын хэмжээнд эмэгтэй захиралтай жижиг дунд бизнес болон корпрэйт байгууллага олон байдаг. Гэхдээ нийт масст 70-80 хувь нь эрэгтэй захиралтай. Бид эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж жендерийн тэгш байдлыг хангах зорилготой. Бизнес эрхлэгчдээ дэмжсэн бага хүүтэй, хугацаа нь тавиу зээлийг олгож байна. 

-Эмэгтэй бизнес эрхлэгчид илүү зээл төлөлтийн хугацаа хойшлогддоггүй, хугацаандаа, найдвартай зээлдэгчид байдаг гэсэн судалгаа байдаг.

Эмэгтэй бизнес эрхлэгчид санхүүгийн хариуцлага сайтай байдаг.

Жишээ нь өнгөрсөн онд эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих 6.4 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.

Бид эмэгтэй л бол, бизнес нь эмэгтэй удирдагчтай, хөрөнгө оруулагч нь эмэгтэй байвал гэдэг үндсэн шалгуур тавьдаг.  Тухайн бизнест олгож байгаа зээлийн хэмжээ бизнесийн цар хүрээ, чадамжаас нь хамааран өөр өөр байдлаар гардаг.

ГАДААД ТӨЛБӨР ТООЦООГ 24 ЦАГИЙН ДОТОР ШИЛЖҮҮЛДЭГ БОЛСОН

Худалдаа хөгжлийн банк Visa компанитай сүүлийн 20 жилийн хугацаанд тасралтгүй хамтын ажиллагаатай ажиллаж байна. Visa-ийн картын системийг анхдагч болж нэвтрүүлсэн. Үүний хоёр дахь алхам болж олон улсын төлбөрийн гүйцэтгэх бүтээгдэхүүн нэвтрүүлж байна. Энэ нь бизнесээс бизнес рүү /B2B/ чиглэсэн үйлчилгээ. Энэ бүтээгдэхүүн нь таны бизнесийн хамтрагч руу Монголоос шилжүүлсэн мөнгө 24 цагийн дотор ордог болсноороо давуу талтай.

-Гадаад төлбөр тооцоо хийдэг байгууллагуудад хугацааны хувьд маш том давуу тал олгож байгаа гэсэн үг байна. Өмнө нь хэд хоног хийдэг байсан бэ?

Яг зөв. Хугацааны хувьд давуу тал болж байна. Өмнө нь 4-7 хоног. Тухайн үед хамгийн хурдан хугацаа байсан. Одоо бизнесийн байгууллагуудын хувьд хугацаа бүр хурдан болох шаардлагатай болсон. Боомт дээр очсон ачааг яаралтай наашаа гаргахад төлбөрөө хурдан төлсөн байх ёстой. Төлбөр төлөөд билл нь очсон гэдэг хариу ирэхэд л боомт дээр ачигддаг байдлаар шийдэгдэж байгаа учир бизнес эрхлэгчдийн хувьд хамгийн том боломж гэж харж байна.

ОЮУНЫ ӨМЧИЙГ БАРЬЦААЛСАН ЗЭЭЛ ОЛГОСНООР ОЮУНЫ ӨМЧӨӨ БҮРТГҮҮЛЭХ ХҮСЭЛТИЙН ТОО ТАВ ДАХИН НЭМЭГДСЭН

Монголд виза картын төлбөрийн системийг  Худалдаа хөгжлийн банк анх нэвтрүүлсэн.  Үүний хоёр дахь алхам болж, бид олон улсын төлбөрийн гүйцэтгэх бүтээгдэхүүнийг нэвтрүүлж байгаа. Энэ бүтээгдэхүүн нь мөн л бизнесээс бизнес рүү  анхдагч болж нэвтэрсэн.

Монгол Улсад оюуны өмч эзэмшдэг хүн олон байдаг хэдий ч тухайн оюуны өмч нь эргэлтэд ордоггүй. Сертификат хэлбэртэй, авдартаа хадгалдаг гэдэг шиг. Бид үүнийг эргэлтэд оруулъя, үнэ цэнтэй болгоё гээд оюуны өмчийг барьцаалсан зээлийг зах зээлд анхдагч болж гаргасан. Үүнийхээ үр дүнд  олон харилцагчдад зээлийг олгосон.  Энэ зээлийг олгосноос хойш оюуны өмч дээр оюуны өмчөө бүртгүүлэх хүсэлтийн тоо  хэмжээ тав дахин нэмэгдсэн. Тэгэхээр үүнийг дагаад оюуны бүтээлийг үнэ цэнтэй болгож байгаа юм байна гэдгийг харахад Худалдаа хөгжлийн банкны хувьд  маш таатай байна.

ДУНДЖААР 10-12 ЖИЛИЙН ДОТОР КОРПОРЭЙТ ТӨВШИНД ШИЛЖИХ БОЛОМЖТОЙ

-Жижиг дунд бизнесүүд дунджаар төдий хугацаанд тогтвортой ажиллавал корпорэйт төвшин рүү шилжинэ гэсэн судалгаа бий юү. Мэдээж гүйцэтгэх захирал, менежментийн багаас шалтгаалах л байх.

Олон жилийн дунджаар, манайд байгаа байгууллагуудыг харахад, тогтвортой, тууштай бизнес хийх ёстой. Хоёрдугаарт, тухайн компанийн захирал урт болон богино хугацааны төлөвлөгөөтэй, түүндээ зорьсон зорилго, компаниа хөгжүүлэх төлөвлөгөө, стратегитай байж чадвал дунджаар 10-12 жилийн дотор корпорэйт сегментийн харилцагч руу шилжих боломжтой.

-Жижиг дунд бизнесүүдэд зориулсан бүх төрлийн зээл, бүтээгдэхүүн үйлчилгээ байна гэж ярьж байна. Энэ ярилцлагыг үзээд, олон харилцагч зээл авъя гээд хандтал зээл нь гарч байгаа юу гэдэг нэг асуудал байна. Өнгөрсөн хавар банкнуудын IPO-той холбоотой олон аудит ороод, зээл гарахгүй байна гэсэн яриа явж байсан. Зээл хэвийн олгож байгаа юу?

-Манай банкны хувьд үндсэн стратегийн болон харилцагчдадаа барьдаг үндсэн зарчим байдаг. Тууштай, урт хугацаандаа Худалдаа хөгжлийн банктай хамтын ажиллагаатай байсан харилцагчдын төлөвлөгөөт санхүүжилттэй холбоотой зээлийг бид олгох ёстой гэдэг зарчимтай. Одоогийн байдлаар 100 хувь манай банкаар гүйлгээ нь дамждаг болон холбогдох төлбөр тооцоогоо хийдэг компаниудын зээлийг аль болох боломжит түвшинд, үндсэн шаардлага,  хэрэгцээ нь яг байна уу гэдэг тодорхойлолтын хүрээнд олгож байна

 

Эх сурвалж: Өрөг.мн

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.