Уншиж байна ...

Зүүн Азийн Залуучуудын наадмыг зохион байгуулах спорт цогцолборын бүтээн байгуулалт 70 хувьтай үргэлжилж байна

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг

“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг Зохион байгуулах хорооны дэргэдэх Нийслэл дэд хорооны Ажлын хэсгийн хурал өнөөдөр боллоо.

Хурлаар наадмын хүрээнд хийх ажил, үйлчилгээний зохион байгуулалтын талаар хэлэлцэв. Зүүн Азийн наадмын холбоо болон МҮОХ-ны төлөөлөгчид 2017 онд гуравласан гэрээнд гарын үсэг зурж, 2023 онд Монгол Улсын нийслэлд Зүүн Азийн залуучуудын II наадмыг зохион байгуулахаар албан ёсоор шийдвэрлэсэн.

Зүүн Азийн залуучуудын наадам нь Олон улсын олимпын хороо, Азийн олимпын зөвлөлийн албан ёсны наадамд тооцогддог, бүс нутгийн хэмжээний томоохон наадам юм. Ийм хэмжээний наадмыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулах гэж байгаагаараа онцлог аж.

зураг
 
Зүүн Азийн есөн орны 14-18 хүртэлх насны залуучуудын дунд зохион байгуулдаг 12 төрөлт спортын наадмыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2023 оны наймдугаар сард зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Тус наадамд оролцохоор 2,400 орчим тамирчин, дасгалжуулагч, 350 гаруй шүүгч, техникийн ажилтан болоод холбогдох албаны нийт 4,500 орчим хүн Улаанбаатар хотод ирэх тооцоо гарчээ.

Спорт, аялал жуулчлалын хувьд өндөр ач холбогдолтой уг наадмыг Зохион байгуулах хорооны даргаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ажиллаж байгаа юм.

Наадмын зохион байгуулалтад онцгой анхаарч, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх чиглэлд нийслэлийн удирдлагууд дэмжлэг үзүүлэн ажиллаж буй. Тодруулбал, Хан-Уул дүүргийн наймдугаар хороонд тус наадмыг зохион байгуулах спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг 2020 оноос эхлүүлсэн бөгөөд 70 орчим хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Хөл бөмбөгийн талбай болоод дэд бүтцийн ажил 95 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд энэ ондоо багтаан спорт цогцолборын зарим хэсгийн ажил бүрэн дуусах аж.

зураг
 

 

Эх сурвалж: Нийслэлийн Сургалт, Судалгаа, Олон Нийттэй Харилцах Газар