Уншиж байна ...

ДЭМБ сармагчны цэцэг өвчинд өгөх шинэ нэрийн саналаа ирүүлэхийг хүмүүст уриалав

Э.Сэмүүн, ikon.mn
2022 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) сармагчны цэцэг өвчинд шинэ нэр өгөхөөр ажиллаж байгаа.

Тэгвэл өчигдөр тус байгууллага шинэ нэрийн саналаа ирүүлэхийг олон нийтэд хандан уриалжээ. Саналыг энэ холбоосоор хүлээж авах юм байна.

Сармагчны цэцэг өвчин хэмээх нэр сармагчнуудыг болон энэ амьтан амьдардаг Африк тивийг доромжилсон, ялгаварлан гадуурхсан агуулгатай тул нэрийг нь солихоор болжээ.

Саяхан Бразил улсад уг өвчнөөс айсан хүмүүс зэрлэг сармагчнуудыг зодох, хордуулах үйлдэл гаргасан нь батлагдсан юм.

“Бид ямар нэг доромжилсон агуулгагүй нэр олох хэрэгтэй байна. Аль нэг үндэстэн угсаатан, бүс нутаг, амьтныг гадуурхаагүй утгатай нэр хайж олох нь маш чухал юм” гэж ДЭМБ-ын хэвлэлийн төлөөлөгч Фадела Чэйб өчигдөр Женев хотод хийсэн мэдэгдэлдээ хэлжээ.

1958 онд Дани улсын эрдэмтэд анх энэ өвчний вирусийг сармагчнаас илрүүлсэн тул ийм нэртэй болж байв. Гэхдээ вирус зөвхөн сармагчин биш, бусад олон амьтнаас бас илэрдэг юм. Ялангуяа мэрэгчдээс хамгийн их давтамжтай илэрдэг байна.

Энэ вирусийн хүнд халдварласан анхны тохиолдол 1970 онд Бүгд Найрамдах Конго Улсад бүртгэгдэж байжээ.

Тэр үеэс хойш сармагчны цэцэг өвчний дэгдэлт зөвхөн баруун болон төв Африкийн бүс нутагт хязгаарлагддаг байв.

Харин энэ оны тавдугаар сард Европ тивд гарсан дэгдэлт нь уг өвчний вирус Африкаас гадна өргөн тархсан ховор тохиолдол юм.

Өнөөдрийн байдлаар дэлхийн олон улс оронд сармагчны цэцэг өвчний 31,000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 12 хүн нас бараад байна.

Одоогоор ДЭМБ-д сармагчны цэцэг өвчинд шинэ нэр өгөх мэргэжилтнүүдийн хэд хэдэн санал ирээд байгаа гэнэ.

Тэдний дотроос хамгийн их дэмжигдэж байгаа нь Канадын эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн байгууллага REZO-гийн захирал Самуэл Миреллогийн ирүүлсэн “Mpox” гэх нэрийн санал юм байна.

Бас нэг анхаарал татаж буй санал нь “TRUMP-22” болжээ. Энэ нь коронавирусийг “Хятад вирус” хэмээн нэрлэж, нийгэмд буруу ойлголт түгээсэн АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампыг шийтгэх зорилготой нэр юм байна.

Өнгөрсөн долоо хоногт ДЭМБ сармагчны цэцэг өвчний вирусийн хоёр хувилбарын нэрийг өөрчлөх шийдвэр гаргасан юм.

Өмнө нь эдгээр хувилбаруудыг илэрсэн бүс нутгаар нь Баруун Африкийн, Конго мөрний сав газрын (Congo Basin) гэж тус тус нэрлэдэг байжээ.

Одоо эдгээрийг Clade I ба Clade II гэж нэрлэхээр тогтсон байна. Өнөөдөр дэлхий дахинд тархаад байгаа дэд хувилбарыг Clade IIb гэж нэрлэжээ.

 

Эх сурвалж: Aljazeera