Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 74 хувийн биелэлттэй байна

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Нийслэлийн ИТХ-ын ХМТ

Нийслэлийн ИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны өнөөдрийн хурлаар өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж байгаа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын танилцуулга, мэдээллийг сонсов.

Үүнд цахилгаан, дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллагын бэлтгэл ажил энэ сарын 4-ний байдлаар 74 хувьтай хангагдсаныг албаны хүн мэдээллээ. Нийслэлийн дулаан хангамжийн гол шугам сүлжээнд энэ зуны засвараар Дэлхийн банк болон ЕСБХБ-ны хөнгөлөлттэй зээлээр 3г, 5а, 8б магистраль шугамыг өргөтгөн шинэчлэх болон “насос станц2- ын барилга угсралтын ажил хийгджээ.

зураг
 
Нийслэлийн ИТХ-ын ХМТ

Өнөөдрийн байдлаар энэ ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Харин орон сууцуудын хороолол доторх инженерийн шугам сүлжээ, ус дулаан дамжуулах төвийн их болон урсгал засварын ажлын гүйцэтгэл 81 хувьтай байгаа юм.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 194 дулаан солилцуурын угаалга, 186 ус дулаан дамжуулах төвийн 261 насосын засвар, 89 мянга гаруй метр ариутгах татуургын шугам, 4,124 ширхэг худгийн угаалгыг хийсэн байна.

Мөн 75 мянган тонн сайжруулсан шахмал түлшийг нөөцлөөд байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 15 мянган тонноор илүү байгааг Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын хэлтсийн дарга мэдээллээ. Нийтийн тээврийн салбарын хувьд өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөөний хэрэгжилт 66 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ дундаа парк шинэчлэлт 48 хувь, нийтийн тээврийн техникийн бэлэн байдал 74, сэлбэг хэрэгслийн нөөцлөл 64 хувь байгаа аж.

зураг
 
Нийслэлийн ИТХ-ын ХМТ

Тодруулбал, Зорчигч тээвэр гурав болон Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ 11 цахилгаан автобус, 60 дизель автобусаар парк шинэчлэлт хийсэн байна. Мөн хувийн хэвшлийн зургаан байгууллага 33 автобусаар нөхөн хангалт хийсэн аж. Түүнээс гадна 1,774 тонн давс, 1,730 тонн бодис нөөцлөөд байна. 

Улаанбаатар хотод 1965-2000 онд баригдсан 1,077 блок угсармал орон сууц байдаг. Эдгээр орон сууцны дулаан алдагдлыг бууруулах төслийг олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ