Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Сэнгээ: Төмөр замын чуулга АНУ, БНАСАУ, ЗХУ, БНХАУ зэрэг улсад айлчлан тоглолт хийсэн мэргэжлийн урлагийн том байгууллага байлаа

ikon.mn
2022 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг
УБТЗ

Ахмад төмөр замчин, сэтгүүлч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Сэнгээтэй ярилцлаа.

-Юуны түрүүнд таныг соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдсанд баяр хүргэе?

-Баярлалаа. Энэ шагнал юуны өмнө “Ган зам пресс” төв, “Ган зам” сонины хамт олны маань хөдөлмөр зүтгэлийн илэрхийлэл гэж боддог. Мөн миний ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн Дохиолол холбооны I анги, Салхит зангилаа, Дуу бүжгийн чуулгын хамт олны минь нөр их хөдөлмөр шингэснийг ч бас хэлэх ёстой.

-Унаган мэргэжил тань төмөр замчин. Гэхдээ таны байгалиас заяасан өгөгдөл уран бүтээлч байсан болов уу?

-Би чинь хоёр аав, хоёр ээжийн хайр энхрийлэлд умбаж өссөн хүн шүү дээ.

Миний төрсөн аав, ээж минь сургуулийн захирал, багшаар ажилладаг хөдөөгийн сэхээтнүүд. Үрчилж, өсгөсөн аав ээж минь эгэл жирийн малчид байсан. Тэр хоёр маань хүүхэдгүй болохоор олон хүүхэдтэй үеэл дүүгийнхээсээ намайг үрчлэн авсан хэрэг. Хэдэн жилийн дараа би хоёр эмэгтэй дүүтэй болж, айлын том хүүгийн эрх ямбыг эдлэх болсон доо.

Миний бага нас хөдөөгийн багачуудынхтай л адил аав ээждээ туслан хонь хурганы наагуур, цаагуур гүйж өнгөрсөн дөө. Аав маань нутаг усныхандаа нэртэй адуучин, уургач болохоор наадамд морь уяж, зуны хэдэн сарыг морины уяан дээр өнгөрүүлдэг сэн.

Би найман настайгаас эхлэн хурдан морь унаж, бие жижигтэй учир бараг 15 нас хүртлээ унаач хүүхэд байлаа. Бас ном унших их дуртай. Тавдугаар ангид сурч байхдаа сургуулийнхаа анхны “Д.Нацагдорж” тэмдэгтэн болж, наймдугаар ангид ортлоо сумын номын сангийн бараг бүх номыг уншиж дууссан даа.

Аав, ээж минь надад гармон хөгжим авч өгснөөр халтар хултар хэдэн ая тоглоно. Сургуулийн урлагийн үзлэгээр шүлэг уншина. Бас ханын сонинд ганц нэг шүлгэрхүү юм гаргачихна. Тэгээд ч тэгсэн үү, наймдугаар ангиа төгсөхөд минь Багшийн сургуулийн Соёлын ажилтны ангийн хуваарийг сургуулийн захиргаа надад шууд хуваарилчихлаа. Ийнхүү хөдөөгийн бор хүү нийслэл хотыг зорьсон доо.

-Хувь тавилан төмөр зам руу хэзээ эргэчих вэ?

-Их инээдэмтэй. Намайг хот руу ирэхээс гурван жилийн өмнө төрсөн аавынх хот руу шилжиж, аав тухайн үеийн Октябрын районы / одоогийн Баянгол дүүрэг/ Зохион зааварлах хэлтсийн даргаар ажиллаж байв. Хөдөөнөөс ирсэн хүн төрсөн аав ээждээ очиж золгоно биз дээ. Гэхдээ сургуульдаа бүртгүүлж, шалгалт шүүлгээ өгснийхөө дараа л очсон. Аав “За миний хүү ямар сургуульд ирэв” гэхэд нь би их л додигор  “Багшийн сургуулийн соёлын ангид” гэвэл аав хэсэг бодолхийлснээ “Жаахан дэмий л юм. Хөдөө клубийн эрхлэгчээр явна гэсэн үг. Клубийн эрхлэгч чинь хавар төлд, намар хадланд хөөгдөж, гэрийн бараа хардаггүй л ажил даа” гэв.

Аав сумын Намын хороо, нэгдлийн даргаар олон жил ажилласан, хөдөөгийн амьдралыг арван хуруу шигээ мэдэх хүн л дээ. Ингээд Соёлын сургуульдаа ч орж, газар газрын охид хөвгүүдтэй сургуулийнхаа цонх, хаалгыг арчсан шиг аар, саар ажил хийж, нэр, зүсээ мэдэлцэх төдийхөн байтал нэг өглөө “Сэнгээг боловсон хүчин дээр дуудаж байна” гэв. Дотор палхийж, яаран очвол тамгатай бичиг өгч “Энэ бичгийг аваад Төмөр замын техникум дээр оч. Чамайг тийш нь шилжүүлэхээр яамны шийдвэр гарсан байна” гэх нь тэр. Хальтхан харвал хөгжмийн сонсголоор тэнцээгүй учир гэсэн үг дурайж байв. Аав, техникумийн захирал Д.Самбуу гуайтай сайн найз байж. Тэд намайг ийм аргаар шилжүүлсэн байсан юм. Ер нь, Багшийн сургуульд хөгжмийн сонсголоор тэнцээгүй хүүхдийг өөр боломжтой сургуульд шилжүүлдэг журамтай байсан юм билээ. Ингэж л би төмөр зам руу ирсэн дээ.

-Түнхийн механикаар ажлын гараагаа эхэлсэн байхаа?

-Тиймээ, 1978 онд сургуулиа төгсөөд Түнх өртөөнд холбооны монтёроор хуваарилагдав. Ахлах механикч маань Чимидийн Хүүхээ гэх шоволзсон хөх залуу, механикч Дэмбэрэлийн Өлзий гэдэг чамбай нь дэндсэн гэмээр төлөв түвшин залуу. Хоёулаа Увс нутгийнх. Энэ хоёр маань намайг төмөр замчны, холбоочны дөр суулгасан багш нар минь. Тэр үед Түнх өртөөний даргаар Д.Гочоо гэдэг хөдөлгөөний ажлыг арван хуруу шигээ мэдэх тохь, тухтай ид дунд насны хүн, замын мастераар Ж.Нямцэрэн гэдэг 50 эргэм насны шалмаг хүн ажилладаг байв. Өртөөний ажлын тулгын гурван чулуу болох бид гурав гар сэтгэл нийлж сайхан ажиллаж байснаа одоо ч дурсахад таатай байдаг.

Ер нь, тэр үеийн төмөр замчид залуусыг сургаж дадлагажуулах, аж амьдралыг нь төлөвшүүлэхэд бүхнээ зориулсан уул шиг түшигтэй хүмүүс байсан даа. Ямартаа л намайг очих сургаар өртөөнийхөө нэг ажилтан охиныг надтай гэрлүүлэхээр ярилцаж, нөгөөх нь ч “Ямар залуу ирэхийг нь харж байж болно” гэсэн гэдэг. Харин тэд миний гэргий Р.Алтанцэцэг маань хамт төгсөж, Зүүнхараад хуваарилагдсаныг дуулаад төлөвлөгөө нурлаа гэцгээж байж билээ /инээв/.

-Таны намтар түүх санаанд оромгүй эргэлтүүдээр их байсан санагддаг юм. Тийм үү?

-За даа, ер нь тийм шүү.

Холбооныхоо мэргэжлээрээ яг арван жил ажиллаад 1988 онд Намын Дээд сургуульд сурсан юм. Хоёр жил сурч байтал 1990 он гарав. Нийгэм бүхэлдээ шинэчлэл өөрчлөлтийн давлагаанд өртсөн амаргүй цаг үе таарсан. Шалгалт шүүлэгтээ дарагдаж, хажуугаар нь элдэв цуглаан энэ тэрийн үед хамгаалалтад зогсож явтал Төмөр замын намын хорооны Б.Дэмбэрэлдаш дарга олон хүний гарын үсэгтэй хүсэлт маягийн бичиг харуулж, “Зангилааны намын хорооны даргаар чамайг ажиллуулах хүсэлтийг танай Салхитынхан гаргасан. Хамт олныхоо хүсэлтийг биелүүлнэ биз дээ. Сургуулийн удирдлага зөвшөөрч байна. Шалгалтаа урьдчилаад өгчих” гэх нь тэр. Ийнхүү би сургуулийнхаа дөрвөн жилийн ангийг хоёр жилд багтаан төгссөн анхны бөгөөд сүүлчийн сонсогч болсон. Бас ч үгүй онц дүнтэй төгссөнийг юухэв.

Салхитынхан маань халуун дотно хүлээж авсан. Хоёр жилийн дараа намын байгууллага татан буугдаж, зангилааны даргын албанд томилогдов. Эрх мэдэл багатай ч хийх ажил ихтэй ажил. Урд нь нам олон нийтийн байгууллагын хийдэг байсан бүх ажлыг хариуцна. Завсарт нь Удирдлагын хөгжлийн институтыг төгссөн. 1995 -1996 онд шиг санагдана. Улс орны хэмжээнд “Соёлын жил” зарлагдаж зангилаа, байгууллага бүр концерт бэлтгэж тусгай комисст үзүүллээ.

Комиссын бүрэлдэхүүнд МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дэд дарга Л.Мөнхбаяр, Хүүхдийн секторын дарга Л.Цолмон нар багтаж байв. Манай тоглолт тэдний санаанд сүрхий нийцсэн бололтой. Ямарч гэсэн эхний байруудын нэгэнд шалгарлаа. Мөн тэр үеэр “Ган зам” сонинд “Соёлоор хоцрогдвол сохрохтой адил” гэсэн сүржиндүү гарчигтай шүүмжлэлт нийтлэл минь гарлаа.

Энэ бүхэн нөлөөлсөн болов уу, 1998 оны тавдугаар сард Дуу бүжгийн чуулгын захирлаар томилогдсон доо. Энэ томилолт миний хувьд огт төсөөлшгүй гэнэтийн байв. Гэвч хүүхдүүд том болж, хот руу шилжих шаардлага байсан тул эрхгүй хүлээж авсан. Тэр үед Дуу бүжгийн чуулга маань 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн урлагийн том байгууллага байлаа.

Эхэн үедээ уран бүтээлчидтэй ажиллаад юм, юм л болно. Урлагийн нэр томьёог хэлэх гэж шоолуулах ч энүүхэнд. Гэхдээ уран бүтээлийн багаа зөв бүрдүүлсэн, бас сайхан хамт олны хүчинд дорхноо л дассан.

-Дуу бүжгийн чуулгаас эхлээд таны хувьд уран бүтээлийн замнал илүү нээгдсэн болов уу?

-Урлагийн байгууллага удирдах хүн чинь ядаж нэг зүйлээр хамт олноосоо илүү байхыг хүснэ биз дээ. Тэр нь багаасаа шүлэг оролддог байсан явдал болж таарав. Ингээд “Хараа гол” нэртэй анхныхаа дууны шүлгийг бичиж, уран сайхны удирдагч хөгжмийн багшаар шинэхэн томилогдсон хөгжмийн зохиолч С.Батмөнхдөө үзүүлбэл “Аятайхан шүлэг байна” гээд аваад гарлаа. Маргааш нь “Ая хийчихлээ” гэсээр орж ирэв. Ингэж анхны дуу төрж, дуучин СТА Д.Байгалмаагийн дуулснаар олонд хүрсэн.

Дараа нь, “Учралын ган зам”, “Ханхөхий нутаг”, “Дуундаа мөнхөлж явъя” гээд явж өгсөн. Мөн “Нарны өртөө” нэртэй анхны дуулалт жүжиг минь ч энэ үед тайзнаа тавигдсан юм. Би их азтай хүн шүү.

Чуулгад ажиллах жилүүддээ СТА хөгжмийн С.Батмөнх, УГЖ бүжгийн багш Ц.Батбаяр гэх хоёр том уран бүтээлчтэй хамтран ажиллаж, уран бүтээлийн ганзага нийлүүлэн, УГЗ Д.Баттөмөр, Т.Сэр-Од, Г.Энхбаяр, Ч.Ганхуяг, Ч.Сангидорж нарын томчуудтай хамтран уран бүтээл туурвиж, Хөдөлмөрийн баатар, АЖ Д.Ухнаа, Ардын жүжигчин А.Дашпэлжээ, Б.Батчулуун нартай нөхөрлөж явлаа. Анхны жүжгийг минь Ардын жүжигчин Б.Мөнхдорж найруулан тавьсан.

Одоо миний урын санд тайз дэлгэц, радиогоор олонд хүрсэн 20 шахам дуу, зургаан жүжгийн зохиол, дөрвөн телевизийн уран сайхны нэвтрүүлгийн зохиол байдаг. Энэ бүхэнд чуулгын хамт олны минь сэтгэл, зүтгэл шингээстэй бий.

-Таны үед Төмөр замын чуулгын хувьд улс эх орны өнцөг булан бүрд төдийгүй гадаадын улс орноор аялан тоглолт хийж байсан гэдэг?

-Би зүгээр сууж чаддаггүй дутагдалтай хүн. Чуулгынхан минь тэр үед Ховд, Баян-Өлгий, Увсаас бусад бүх аймгийн 200 гаруй суманд хүрч үйлчилсэн статистик бий.

Чуулгаа төдийгүй төмөр замаа сурталчилж явсан хэрэг шүү дээ. Бас АНУ, БНАСАУ, ЗХУ, БНХАУ гээд хэд хэдэн улсын олон хотод, заримд нь хоёр ч удаа айлчлан тоглолт хийсэн. Гадаад айлчлан тоглолтын зардал мөнгийг Замын захиргаа гаргана. Энэ ташрамд бидний уран бүтээлийг дэмжиж, удирдлага чиглэл өгч, зүйл бүрээр тусалж байсан Р.Раш даргадаа чин сэтгэлийн талархлаа илэрхийлье.

Мань хүн урилга өгсөн л бол тоглолтыг маань заавал ирж үзнэ. Таалагдвал төгсгөлд нь босоод тайз руу алхчихна. Шагнах гэж байгаа нь тэр. Манайхан ч сүүлдээ, дарга босох нь уу гээд анаж байдаг болчихсон байж билээ. Р.Раш даргын үед бид чинь хэд хэдэн томоохон хөрөнгө оруулалт шийдвэрлүүлсний нэг нь пургон машинтай болсон явдал байлаа. Манайхан машинаа “Чуулгын тоодон саарал” гэнэ. Тоодон сааралтайгаа олон ч газар явсан даа.

-“Ган зам” пресс төв таны хувьд бас шинэ эргэлт авчирсан байх?

-2004 оны сонгуулийн дараахан Хэвлэх үйлдвэрийн дарга, “Ган зам” сонины эрхлэгчээр ажиллах шийдвэр гарлаа. Энэ албыг хашиж байсан ахмад төмөр замчин, нэрт сэтгүүлч Ж.Нямдаш дарга тэтгэвэрт гарахдаа надад ажлаа өгөх санал гаргасан юм билээ. Бас л шинэ орчин.

Үйлдвэрийг нь удирдаад байж болмоор санагдах ч, сонинд бол гологдох янзтай. Уг нь, редакцынхантай эртний танил, хэд гурван ярилцлага, тэмдэглэл нийтлүүлж байсан ч нэг л биш ээ. Ийнхүү Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх Сэтгүүл зүйн дээд курсэд жил шахам суралцаж, сэтгүүлчийн диплом гардав. Одоо л нэг сэтгүүлчдийн урдаас дуугарах эрхтэй боллоо. Ж.Нямдаш дарга маань ч ажил хүлээлцэхдээ “Үйлдвэр яах вэ. Сониндоо л анхаар” гэж захисан.

Монголын хуруу дарах том сэтгүүлчдийн нэг, төмөр замын залуучуудын байгууллагын ахмад зүтгэлтэн энэ хүн намайг сэтгүүлчийн хөдөлмөрт дөрөөлүүлсэн ачтан. Жил гаруйхны дараа нэгэн шүүмжлэлтэй сурвалжилгын улмаас ажлаасаа халагдахдаа Ж.Нямдаш эрхлэгчийн анхааруулга хоосон үг биш байсныг мэдэж билээ. Хүндхэн цаг үеийг редакцын хамт олон И.Наранчимэг, Ө.Батзориг, Д.Баасандорж, Л.Ганзул нарынхаа хамт шударга ёсны төлөө нэгдэж, олон зүйлийг даван туулж, долоон сарын дараа гурван шатны шүүхийн шийдвэрээр ажилдаа буцаж орсон доо.

Миний “Ган зам пресс” төвд ажилласан он жилүүд чухамдаа амсхийх завгүй үе байж. Үйлдвэрийн дарга-сонины эрхлэгч гэсэн үндсэндээ хоёр өөр ажлыг эрхэлнэ. Дээр нь, нийгэмлэгийн ой, төмөр замын баяр, Удирдах газрын шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулах комиссын нарийн бичгийн даргаар ёс юм шиг томилогдож, хөтөлбөр боловсруулахаас эхлээд эхнээс нь дуустал найруулна, бас хөтлөгчийн үүргийг ч биелүүлнэ.

Сүүлийн дөрвөн жил Удирдах газрын хэвлэлийн төлөөлөгчийн үүргийг хавсран гүйцэтгэсэн. Манай хамт олон Замын уралдаанд жил дараалан эхний байруудад шалгарч, сонин маань МСНЭ-ийн шалгаруулалтаар гурван жил дараалан Монгол Улсын салбарын шилдэг сониноор тодорсон. Үйлдвэртээ өнгөт хэвлэлийн машин суурилуулж, сониноо 12-8 нүүрээр өнгөтөөр хэвлэх болж, эхлээд “Улаанбаатар төмөр зам”, дараа нь “Галт тэрэгний цонхоор” эцэст нь “Монголын төмөр зам” нэртэй сэтгүүлийг дараалан улирал тутам эрхлэн гаргаж байв.

Гэсэн ч өртөг зардлаа бууруулах, ашгаа нэмэгдүүлэх зорилгын хүрээнд сониныхоо нүүрийг эхлээд 10, дараа нь найман нүүр болгосон. Намайг ажил авахад төвийн орлого 400 сая төгрөг байсан бол ажлаа өгөхөд 95О сая болж нэмэгдсэн нь хамт олны минь уйгагүй хөдөлмөрийн үр дүн юм даа.

“Ган зам пресс” төв, сонины редакцид зангидсан гар шиг нягтарсан, туршлагатай чадварлаг ажилтнууд, төмөр замаар мэргэшсэн авьяаслаг сэтгүүлчидтэй хамт ажиллаж байснаа бахархан дурсаж явдаг даа. Та бүхэн минь бүгд л миний багш байсан юм шүү. Та нарынхаа дэмжлэг туслалцаа, халуун сэтгэлийн ачаар би өдий зэрэгтэй явна.

-Мөн та төмөр зам дахь МЗЭ-ийн салбарыг олон жил удирдсан хүн?

-1997 оны сүүлчээр чуулга дээр “Ган үзэг” яруу найргийн наадам болж, би хэдэн нөхөрсөг элэглэл маягийн юм уншиж билээ. Наадмын дараа уламжлал ёсоор бяцхан хүлээн авалт болж түүн дээр эртний түүхтэй төмөр замын утга зохиолын нэгдлийн гишүүд санал гарган нэгдлийн эрхлэгчээр намайг сонгох юм болов. Алдарт Ч.Лхамсүрэн найрагчийн тулгыг нь тулсан, А.Самбалхүндэв, Д.Даржаа, Д.Наваансүрэн, З.Баттулга нарын Монголын уран зохиолын “луухгар”-уудын удирдаж байсан энэ хамт олныг ахлах нь чухам л нэр төрийн хэрэг байсан даа. Хичээсээн, хичээсэн.

Дээр нь “Нарны өртөө” жүжгийг минь үзэж сүрхий тоосон тэр үеийн МЗЭ-ийн гүйцэтгэх захирал Д.Төрбат андын минь дэмжлэг ч нэмэр болсон. Нэгдэл маань төдхөн МЗЭ-ийн салбар болон өргөжиж, миний гарын үсэг зурсан тодорхойлолтоор Г.Равдан, Н.Одонхүү, Ю.Идэрчулуун нарын найрагч нөхөд минь МЗЭ-ийн нэрэмжит шагнал хүртэж, утга зохиолын дугуйлан байгуулагдсаны 40,50 жилийн ойг “хөөрхөн” гэгч тэмдэглэн, Сайншанд, Дарханы зохиолч нөхөдтэйгээ уулзалт зохион, өөрсдийн бүтээлээр 10 шахам ном гаргаж “Ган үзэг” наадмаа төмөр замын баярын хөтөлбөрт суулгаж дээр нь “Ган бичлэг” богино өгүүллэгийн наадам хоёр жил тутам зохион байгуулдаг болсон доо. 2017 онд энэхүү албаа сониныхоо сэтгүүлч, яруу найрагч М.Наранболдод хүлээлгэн өгөхөд хэдийнээ 20 жил болсон байсан.

-Төмөр замчдын уран бүтээлийн өвийн товчоог яагаад байгуулах болов?

-Цаг завгүй их ажил хөнгөрөхөөр өмнө нь хийж амжаагүй бүхнээ гүйцээж хийх бодол төрсөн. Амжаагүй ажил их байсан шүү. Тэтгэвэрт гараад жижигхэн хэвлэлийн газар байгууллаа. Тэтгэвэрт гарахад Замын захиргаанаас олгодог буцалтгүй тусламжийн хэдийгээ үүндээ бүрэн зориулж, дээр нь жил гаруйн өмнө тэтгэвэртээ суусан эхнэрийнхээсээ ч цөөн бусыг зарцуулсан. Тэгээд олон жил бодож төлөвлөж байсан зүйлсээ хийх боломжоо бүрдүүлээд бичиж, эмхэтгэх ажилд орсон.

“Улаанбаатар төмөр зам” нэвтэрхий толь, “Сэтгэлийн симфони” хөрөг нийтлэлийн ном, “Сборный галт тэрэг” ярилцлага, тэмдэглэлийн номууд минь төрсөн дөө. Дээр нь, ахмад инженерүүдтэй хамтарч “Төмөр замын тээврийн нэр томьёоны тайлбар бичиг”, “Замчны өврийн ном”, “ШН-ийн өврийн ном”, “Вагон үзэгчийн өврийн ном”, “Зүтгүүрийн бригадын гарын авлага” зэрэг дараалан гарсан. Төмөр замчдынхаа мэргэжлийн мэдлэгийг дээшлүүлэхэд бага болов ч нэмэр болох болов уу гэж бодсон.

Төрийн бус байгууллага байгуулах болсон минь ч бас үүнтэй холбоотой. Уг нь би үйл ажиллагааныхаа орлогын тодорхой хэсгийг төмөр замын сэдэвт соёлын өвийг судлах, сурталчлахад зориулъя гэж эхнийхээ алхмуудыг хийсэн л дээ. Гэтэл энэ бүгд нэг л авцалдаж өгөхгүй, зарим нэгэн хүн ойлгохгүй, хардах сэрдэх шинжтэй. Тиймээс хэсэг нөхөдтэйгээ санаа нийлж “Төмөр замчдын уран бүтээлийн өвийн товчоо” ТББ-ыг 2017 онд байгуулсан. Байгуулсныхаа дараахан овоо эрчтэй ажиллаж, хэд хэдэн ажлыг амжилттай зохион байгуулж байтал цар тахал эхэлж, ажлын эрч саарсан.

Харин оны эхнээс байдал дээрдэж байна. Ер нь, төмөр замчид бид чинь Монголчуудын нүүдлийн хэв маягтай ахуй соёлыг суурин соёл, аж төрөх хэв маягт шилжүүлэхэд том үүрэг гүйцэтгэсэн улс. Төмөр зам дагаж, үйлдвэр уурхай, хот тосгод сүндэрлэж, монгол гэр, өөхөн дэнгийн гэрэлд амьдарч байсан айл өрхүүд орчин үеийн орон сууц, цахилгаан дэнгийн гэрэлд ажиллаж амьдрах болсон.

Эмнэлэг сургууль, худалдаа үйлчилгээ гээд суурин амьдрал үүсэн бий болсон. Социалист хөдөлмөрийн хөдөлгөөн, Сэхээтний соёлч нөхөрлөл, Ардын театр, Ард түмний соёлын их сургууль, төмөр замын сэдэвт утга соёлын бүтээлүүд гээд. Энэ бүхэн нийлээд асар том өв соёл шүү дээ. Дэлгэрүүлбэл тоочиж баршгүй олон зүйл болно. Бид гагцхүү эдгээрийг судалж, бүртгэлжүүлэн сурталчилж, түгээн дэлгэрүүлэх шаардлагатай байгаа юм. Манай ТББ-ыг зорилго ч үүнд чиглэж байгаа.

-Саяхан таныг яруу найргийн түүврээ гаргасан гэж дуулсан. Мөн шинэ төмөр замын бүтээн байгуулалтын сэдэвтэй дуулалт жүжгийн цомнол бичсэн байсан?

-Огт зүгээр сууж болохгүй. “Хүсэл дууссан газар хүн дуусдаг” гэж үг бий. Он гарсаар 100 гаруй шүлэгтэй “Сүүн аялгуу” нэртэй түүврээ хэвлүүллээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдан амжилттай хэрэгжиж байгаа Нефтийн үйлдвэрийн бүтээн байгуулалтын нэг чухал хэсэг болох Сайншанд-Алтанширээгийн төмөр замыг барьсан төмөр замчдын ажил үйлс, амьдралын тухай “Цаглашгүй” мюзиклын цомнол бичиж, уран бүтээлийнхээ багийг бүрдүүллээ. Замын захиргаа мөнгө төгрөгийг нь шийдвэрлэж өгвөл тавих бэлтгэлээ бүрэн хангасан. Онцлог нь уран бүтээлийн багаа Төмөр замчдын дуу бүжгийн гаралтай хүмүүсээр бүрдүүлсэн дээ.

-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

                                                                            Ярилцсан Б.Гүнжинлхам

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.