Уншиж байна ...

Дугуй цагаан орчмын 2.1 га талбайд хүүхдийн модон тоглоом, ногоон байгууламж, гэрэлтүүлэг зэрэг тохижилт хийнэ

П.Зоригт, IKON.MN
2022 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Иргэдийн ая тухтай орчинд амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Дугуй цагаан болон Туул голын эрэг орчмын Бага тэнгэрийн ам, АСЕМ вилла хотхоны баруун талд хийж буй амралт, зугаалгын цогцолбор байгуулах ажил үргэлжилж байна.

Дугуй цагаан орчимд хүүхдийн модон тоглоом, явган зам, сити нойл, тойрог бүхий тохижилтын талбай, террас, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, камержуулалт хийж байгаа юм. Энэ байршлын тохижилтын ажлыг “Цагаан толгой нуур” ХХК гүйцэтгэж байна. 

"Дугуй цагаанаас дээш өгсөөд горхины дэргэд террас байгуулна"

зураг
 

Тус компанийн захирал Б.Батцэнгэл "Нийтдээ 2.1 га талбайд тохижилт хийхээр төлөвлөсөн. Одоогийн байдлаар эхний гурван тойрог болон туслах замын ажил дуусаж байна. Үлдсэн тойрог болон хүүхдийн тоглоом, угтах хэсгийн барилгын ажлыг тун удахгүй ашиглалтад оруулж дуусгахаар ажиллаж байна. Хүүхдийн тоглоом болон явган замд ашиглаж буй модыг Сэлэнгэ аймгийн ойн цэвэрлэгээний модноос авч, үйлдвэрт боловсруулан тохижилтод ашиглаж байгаа.

Дугуй цагаанаас дээш өгсөөд горхины дэргэд террас байгуулна. Тэрхүү террас нь хүмүүс горхины дэргэд суугаад амарч тухлахад зориулж хийснээрээ онцлог. Явган хүний замыг мод, чулуугаар бүтээж байна. Халтиргаа гулгаагүй мод, чулууг сонгосон. Энэ нь бетон замаас урт настайн дээр эко бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог юм. Мөн хүүхдийн модон тоглоом хийж байна. Тохижилтын ажил эхлэх үед хүмүүс шүүмжлэх хандлагатай байсан ч одоо бол уулзсан болгон дэмжиж байгаагаа илэрхийлэх болсон" хэмээн хэлэв.

Тусгай хамгаалалттай газар нутагт тохижилт хийхдээ байгалийн унаган төрхийг алдагдуулахгүй байхаар хуульчилсан байдаг. Үүний дагуу байгалийн тогтоц, унаган төрхийг хадгалсан ногоон байгууламж байгуулсны дээр тохижилтод байгалийн боржин чулуу, ойн цэвэрлэгээнээс гарсан модыг ашиглаж буй юм.

Түүнчлэн хүүхдийн тоглоомын талбайг байгалийн унаган төрхийг хадгалсан, өвөрмөц байдлаар, байгальд ээлтэй байх шийдлүүдийг нэвтрүүлсэн байна. Дугуй цагаан орчмын явган хүний замын өргөн 3.5 метрээс багагүй байхаар бүтээжээ.

 

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар