Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хамгийн бага цалинтай хүмүүс гэгддэг Бангладешийн цайны салбарын ажилчид цалингаа нэмэхийг шаардав

Э.Мөнхцэцэг
2022 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт Бангладеш улсын 200 гаруй цайны үйлдвэрийн 150,000 орчим ажилчин цалин хөлсөө нэмэхийг шаардан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ.

Судлаачид тэднийг манай гарагийн хамгийн бага цалинтай хүмүүсийн төлөөлөл, бараг боолын хөдөлмөр эрхэлдэг гэж үздэг.

Бангладеш бол Исламын шашинтай орон. Харин цайны салбарт нь Британийн колоничлолын үед авчирсан Хиндү шашны цөөнхийн төлөөлөл удам дамжин ажилладаг байна. Хиндү шашинтнууд Бангладешийн нийгмийн доод давхаргад харьяалагддаг.

Өнөөдөр тус улсын цайны үйлдвэрийн ажилчдын доод цалин албан ханшаар өдөрт $1.25 орчим байдаг. Гэхдээ хар захын ханшаар энэ нь нэг ам. доллар гаруй хэмжээтэй мөнгө юм.

Ажилчид энэ цалингаа 150 хувиар өсгөхийг шаардсан байна. Инфляц, эдийн засгийн хямрал тэднийг цалингаараа амьдрах аргагүй болгожээ.

Бангладешийн 232 цайны тариалангийн нийт 150,000 орчим ажилчин сүүлийн дөрвөн өдрийн турш өдөр бүр 2 цаг сул зогсож эсэргүүцлээ илэрхийлснийг үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.

Цай үйлдвэрлэдэг орнуудын энэ салбарын ажилчид тухайн нийгмийнхээ хамгийн доод ангиллын хүмүүс байдаг тухай судлаачид ярьж байна.

“Цайны салбарын ажилчдыг орчин үеийн боолууд гэж хэлж болно. Эзэд нь тэдний цалин хөлсийг хамгийн бага хэмжээнд барьж байх сонирхолтой байдаг. Ингэснээр тэд дэлхийн хамгийн бага цалинтай хүмүүсийн нэг болж байна” гэж Society for Environment and Human Development судалгааны байгууллагын захирал Филип Гэйн ярьжээ.

 

Эх сурвалж: AFP