Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Холбооны Мөрдөх Товчоо ерөнхийлөгч асан Трампын эзэмшлээс их хэмжээний нууц материал илрүүлэн хураажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногт Холбооны Мөрдөх Товчоо ерөнхийлөгч асан Дональд Трампын хувийн эзэмшилд нэгжлэг явуулж, их хэмжээний нууц материалыг хураан авсан юм.

Баасан гарагт тус байгууллага экс ерөнхийлөгчийн Флорида дахь эзэмшлээс хураасан материалуудынхаа жагсаалтыг нийтэд танилцуулжээ.

Эдгээрийн дотор 11 багц материал байсны зарим нь хэрвээ гадагш алдагдвал АНУ-ын үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж болзошгүй гэсэн ангилалд багтаж байгааг мэдээлсэн байна.

Дональд Трамп өөрийгөө ямар ч буруугүй, материалууд нууцын ангиллаас гарсан байсан гэж тайлбарлажээ.

АНУ-ын түүхэнд анх удаа гэмт хэрэгт холбогдсон экс ерөнхийлөгчийн гэрт нэгжлэг явуулсан нь энэ юм.

Хэрвээ прокурорууд Трампыг тагнуулын үйл ажиллагаа явуулсан хэрэгт буруутгавал тав хүртэл жил шоронд хоригдох хуультай юм байна.

Баасан гарагийн орой Трампын албанаас гаргасан мэдэгдэлд нууц материалуудыг тэр ерөнхийлөгч байхдаа нууцын ангиллаас гаргасан гэж тайлбарлажээ.

Гэвч хуульчид Трампын энэ тайлбар шүүх дээр өөрийгөө хамгаалахад нь хэрэг болох эсэхэд эргэлзэж байгаагаа ярьж байна.

“Ерөнхийлөгч материалыг нууцын ангиллаас гаргах эрхтэй нь үнэн. Гэхдээ ингэхийн тулд тодорхой албан тушаалтнуудаар дамжиж, шат дараатай арга хэмжээ авах ёстой” гэж АНУ-ын хууль зүйн яаманд ажиллаж байсан хуульч Том Дюпре BBC агентлагт ярьжээ.

Харин Трампын хэвлэлийн төлөөлөгч Тэйлор Будович улс төрийн гол өрсөлдөгчийнхөө эсрэг хууль зөрчсөн ажиллагаа явуулж байгаа ерөнхийлөгч Жо Байденыг шүүмжилсэн байна.

Бүгд Найрамдах намын дэмжигчид мөн нэгжлэг явуулахад оролцсон Холбооны Мөрдөх Товчооны ажилтнуудыг онлайн орчинд дарамтлах, сүрдүүлэх үйлдэл гаргах болжээ.

Нэгжлэг явуулах зөвшөөрлийг өгсөн АНУ-ын ерөнхий прокурор Мэррик Гарланд үүргээ үнэнч шударгаар биелүүлсэн ажилтнуудаа тууштай хамгаалахаа мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: BBC