Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Олон улсын тахь групп" есдүгээр сараас Говь-Алтай, Ховд аймагт шинэ төсөл хэрэгжүүлнэ

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг
БОАЖЯ

“Олон Улсын тахь групп”-ийн ерөнхийлөгч Рейнхард Шнидриг, тус группийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Ж.Батсүх, Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн хамгаалалтын захиргааны дарга О.Ганбаатар нарыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өчигдөр хүлээн авч уулзлаа.

1999 онд Олон Улсын Тахь Групп Швейцар болон Монгол Улсад төрийн бус олон нийтийн байгууллагын статустайгаар байгуулагдаж, тахь сэргээн нутагшуулах төслийг IUCN-ийн журам, дүрмийн дагуу үргэлжлүүлэн хэрэгжүүлж ирсэн. Олон Улсын Тахь Группийн үйл ажиллагааны үндэс нь Монгол Улсын Засгийн газартай байгаль хамгаалах урт хугацааны гэрээ байгуулж, амжилттай хамтран ажиллаж байгаа явдал юм.

ОУТГ-ын зорилго нь говийн экосистем амьтдын амьдрах орчныг бүхэлд нь хамгаалах, ГИДЦГ-ын Б хэсгийг Олон улсын байгаль хамгаалах холбооны журмын дагуу шим мандлын нөөц газрын түвшинд хамгаалах явдал юм.

Тахийн төсөл нь: 

  • Бүс нутгийн хөгжлийг дэмжин хамтран ажиллах
  • Орон нутгийн иргэдийн нийгэм эдийн засгийн байдлыг дэмжих, туслах
  • Монгол Улсад тахийн талаарх мэдээ, мэдлэгийг нэмэгдүүлэн бий болгох
  • Амьтны хүрээлэнд байгаа тахиудийг төв Ази руу тээвэрлэн хүргэх бэлэн байдлыг хангах
  • Тахийн тээвэрлэлтийг зохион байгуулах
  • Амьтдыг сэргээн нутагшуулахад туслах, байгальд зэрлэг амьтад, тахийн биеэ даан амьдрах чадварыг бий болгох
  • Тахийн мониторинг судалгаа болон арчилгаа маллагааны ажлыг хариуцах
  • Төслийг олон улсад сурталчлах, мэдээлэх
  • Тахийг сэргээн нутагшуулах ажлыг бусад байгууллагуудтай холбож, хамтран ажиллах зэргээр амжилттай хэрэгжиж байна.
зураг
 
БОАЖЯ

Энэ удаагийн уулзалтаар Олон улсын тахь группийн төлөөлөл дээрх төслийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн тахь судлал болон энэ чиглэлийн боловсон хүчин бэлтгэх, тэдний чадавхыг сайжруулах, Тусгай хамгаалалттай газар, нутаг, түүнийг зөв, зохистой ашиглан, хамгаалах, менежментийн шинэчлэл хийх зэрэг сэдвээр санал солилцож, дэлхийн өвд тахийг бүртгүүлэх асуудлаар ярилцав.

Түүнээс гадна “Олон улсын тахь групп” ирэх есдүгээр сараас Говь-Алтай, Ховд аймгуудад тахийн шинэ төсөл хэрэгжүүлэх бэлтгэл ажлаа эхлүүлээд буй. Цаашид өмнө нь хэрэгжүүлж ирсэн тахийн төслийг шинэ төсөлтэй хамтатган үр дүнтэй хэрэгжүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна гэсэн юм.

Дашрамд дурдахад, энэ жил тахь сэргээний нутагшуулсаны 30 жилийн ой тохиож байна. Жилээс жилд өсөн нэмэгдэж буй тахийн ирээдүйн амьдрах орчныг хамгаалах зорилгоор Монгол Улсын Засгийн газар 2020 оны тавдугаар сард Хомын тал орчмын 411,403.80га талбайг Байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын хамгаалалтад авсан. Түүнээс хойш хоёр жилийн хугацаанд Хомын тал орчмын байгалийн цогцолборт газрын амьтдын тоо толгой өсөж, тахийн эзэмшил нутаг бүрэн хамгаалалтад ороод буй зэргээр Хомын талд анх нутагшуулж эхэлсэн тахийн сүргийн үр дүн байгаль экологи, нутгийн уугуул иргэдийн байгаль орчноо хамгаалах, байгалийн баялгийг зөв зохистой ашиглах, биологийн төрөл зүйлийн хамгаалалтын талаарх мэдлэг дээшилсэн гээд үр дүнгүүдийг тоочоод баршгүй юм.

 

Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам