Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын шоронгийн хоригдлуудад Украины дайнд явах санал тавьж байгаа тухай мэдээлжээ

Т.Давааням, ikon.mn
2022 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Хэрвээ Украины дайнд явахыг зөвшөөрвөл ялаас чөлөөлөх саналыг Оросын эрх баригчид шоронгийн хоригдлуудад тавьж байгаа тухай Ассошиатед Пресс агентлаг өчигдөр мэдээлжээ.

Уг мэдээнд Санкт Петербургийн засан хүмүүжүүлэх газарт цэргийн дүрэмт хувцастай хүн ирж, хоригдлуудад ийм санал тавьсны дараа 11 хоригдол Украины фронт руу явсан тухай баримтыг гэрчийн мэдүүлэг дээр үндэслэн бичсэн байна.

Эдгээр 11 хоригдлоос найм нь сүүлд фронтын шугам дээр алагдсаныг бас мэдээлжээ.

Элсүүлэх ажлыг хувийн батлан хамгаалахын Вагнер Групп компани зохион байгуулж байж болзошгүйг хоригдлуудын эрхийг хамгаалах gulagu.net төрийн бус байгууллагын тэргүүн Владимир Осечкин AP агентлагт ярьсан байна.

Хөлсний цэргүүдийг Оросын засгийн газрын захиалгаар хилийн чанадад илгээдэг Вагнер Групп нийт долоон мужийн шоронгуудад цэрэгт элсүүлэх ажиллагаа явуулж, 1,500 орчим хоригдлыг Украинд илгээсэн тухай Осечкин ярьжээ.

Эхэндээ Вагнер Группийнхэн цэрэг, цагдаагийн мэргэжилтэй хоригдлуудад санал тавьж байсан бол сүүлдээ ямар нэг шалгуур тавихаа больсон гэнэ.

Мягмар гарагт Пентагоноос гаргасан мэдэгдэлд Оросын 80,000 орчим цэрэг Украинд алагдсан буюу шархадсан гэх тоо баримтыг дурдсан юм.

Дайн эхлэх үед Оросын армийн 160,000 орчим цэрэг Украины хилийн орчимд байрлаж байсныг Өрнөдийн тагнуулын албад мэдээлж байжээ. Эндээс харвал Оросын тал Донбассын фронтод хүн хүчний дутагдалд орж байж болзошгүй байна.

Тавдугаар сард “The Moscow Times” сонин эрх баригчид дайнд явах эрчүүдэд $5,200-той тэнцэх нэг удаагийн мөнгөн шагнал амлаж байгаа тухай мэдээлж байв.

 

Эх сурвалж: Associated Press