Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгос улс Оскарын шагналд өрсөлдүүлэх уран бүтээлээ шалгаруулав

Э.Сэмүүн, ikon.mn
2022 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын Киноны Зөвлөл (KOFIC) өчигдөр хуралдаж, ирэх жилийн Оскарын шагналд нэр дэвшүүлэх уран бүтээлийн нэрийг зарлажээ.

Шалгарсан бүтээл нь найруулагч Пак Чан Үкийн хайр дурлалын сэдэвтэй “Decision to Leave” кино болсон байна.

Оскарын англи бус хэл дээрх киноны төрөлд улс бүр нэг бүтээл нэр дэвшүүлэх эрхтэй байдаг.

2020 онд Өмнөд Солонгос улс энэ төрөлд “Parasite” киног нэр дэвшүүлсэн нь нийт дөрвөн төрлийн шагнал хүртэж, Оскарын шагнал хүртсэн анхны солонгос кино болж байжээ.

“Decision to Leave” киногоороо найруулагч Пак Чан Үк энэ оны Каннын кино наадмаас шилдэг найруулагчийн шагнал хүртэж байсан юм.

Уг кинонд хятад бэлэвсэн эмэгтэйг аллагын хэрэгт холбогдуулан шалгаж байсан мөрдөгч эцэст нь сэжигтэндээ дурлаж буй тухай үйл явдал дүрслэгддэг байна.

Найруулагч Пак өмнө нь 2016 онд триллер төрлийн “Handmaiden” киног найруулж байжээ.

95 дахь удаагийн Академийн Шагнал гардуулах ёслол ирэх оны гуравдугаар сард зохион байгуулагдах юм.

Эх сурвалж: Yonhap News