Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Гийдо Кунзе Увсын Боршоо боомтоос Сүхбаатарын Бичигт боомт хүртэлх замыг дугуйгаар тав хоногт тууллаа

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг
БОАЖЯ

ХБНГУ-ын алдарт дугуйчин Гийдо Кунзе Монголын баруун хязгаар буюу Увс аймгийн Боршоо боомтоос зүүн хязгаарын Сүхбаатар аймгийн бичигт боомт хүртэл нийт 2,279 км замыг унадаг дугуйгаар тав хоногт туулж, дэлхийн нэгэн шинэ амжилтыг тогтоожээ.

Тэрбээр нийт дэлхийн зургаан дээд амжилтыг эзэмшдэг байна. Тухайлбал,

  • Австрали улсын баруун хязгаараас зүүн хязгаар хүртэл нийт 4,200 км замыг хамгийн богино хугацаанд дугуйгаар туулсан
  • Дэлхийн хамгийн өндөр цэг /6,233 метр/ өндөр галт уул болох Чили Улсын Атакама цөлд байрлах Охес де Соладод унадаг дугуйгаар гарсан
  • Сайн үйлсийн төлөө 50 кг какаоны үрийг нуруундаа үүрэн Эквадор Улсаас 7,000 мянган км туулж, Герман руу дугуйгаар явсан зэрэг юм.

Алдарт тамирчин Гийдо Кунзе Монгол Улсад хийсэн аяллаа ийнхүү өнөөдрөөр дуусгаж, маргааш эх орон руугаа буцна.

Түүний Монгол Улсад хийсэн энэхүү аяллын зорилго нь зөвхөн спортын амжилт гаргахаас гадна манай улсын түүхэн ёс заншил, соёл уламжлал, ард иргэдийн амьдралын онцлог зэрэгтэй танилцаж, дугуйн спортоор дамжуулан дэлхийд сурталчлах байв.

Монгол Улсыг сурталчлах, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд оруулсан түүний энэхүү хичээл зүтгэлийг үнэлж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын нэрэмжит хүндэт "ӨРГӨМЖЛӨЛ"-ийг дугуйчин Гийдо Кунзед БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ гардууллаа.

Уг арга хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын яам ,Соёлын яам, ЗТХЯ, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, НАЖГ, ХБНГ-ын Конрад Аденаурын сан, Миат ХК, МАЖХ,Монголын дугуйн спортын холбоо зэрэг төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллав.

Бүтэн нэг жилийн хугацаанд төлөвлөн, амжилттай зохион байгуулсан энэхүү төслийн хүрээнд цугласан хандив болох 16 сая төгрөгийг “Мишээл хүүхдийн сан”-д хандивлаж, өнөөдөр тус сангийн төлөөлөлд Гийдо Кунзе өөрийн биеэр гардуулан өгсөн юм.

Хаалтын үйл ажиллагаанд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Монголын дугуйн холбооны дэд ерөнхийлөгч Ц.Мөнхцэцэг, МАЖХ-ны Ерөнхийлөгч Д.Гантөмөр нараас гадна дээр дурдсан дэмжигч байгууллагуудын төлөөлөл оролцон баяр хүргэж, амжилт хүслээ хэмээн Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас мэдээлэв.