Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Отгонбаяр: ​"Цэргийн ралли-2022" тэмцээнд Монгол, ОХУ, Беларусь, Узбекистаны тамирчид оролцоно

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

​"Цэргийн ралли-2022" олон улсын цэргийн мэргэжлийн тэмцээний нэгдүгээр шат Увс аймгийн Улаангом суманд наймдугаар сарын 15-нд эхэлнэ. Үүний дараагийн шатны тэмцээн ОХУ-д энэ сарын 17-21-ний хооронд хоёр улс дамжин зохион байгуулагдана. Энэхүү тэмцээнд урьдчилсан байдлаар Монгол, ОХУ, Беларусь, Узбекистаны баг тамирчид оролцохоо албан ёсоор мэдэгдсэн гэдгийг Зэвсэгт Хүчний Жанжин Штаб (ЗХЖШ)-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга, хурандаа Б.Отгонбаяр хэлсэн юм. 

Тэрбээр "ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас “Олон улсын цэргийн наадам”-ыг жил бүр зохион байгуулдаг. Энэ хүрээнд Монгол Улсын зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид “Танкийн биатлон”, "Цэргийн хээрийн гал тогоо", "Инженерийн томьёолол", "Цэргийн ралли" зэрэг тэмцээнд амжилттай оролцсоор ирсэн. Улмаар зохион байгуулагч орны тоонд шилжиж, 2019 онд олон улсын "Аравт" морин цэргийн уралдааныг өөрийн эх орондоо анх удаа зохион байгуулсан. "Аравт" морин цэргийн олон улсын уралдаан энэ сарын 13-18-ны өдрүүдэд ЗХЖШ-ын сургалтын нэгдсэн төвд болно.

"Цэргийн ралли-2022" уралдааны бэлтгэл ажлын төлөвлөгөөний дагуу дээрх дөрвөн улсын тамирчид гарааны өмнөх сугалааг сугалсан байгаа. Манай баг тамирчид дөрөвдүгээр гараанд өрсөлдөж уралдана. Уг тэмцээнийг ямар нэгэн осол, зөрчилгүй батлагдсан маршрутаар хийх бэлтгэлийг хангаж байна" хэмээн хэллээ.

Мөн үргэлжлүүлэн "Олон улсын цэргийн наадмын хүрээнд явагдаж байгаа "Танкийн биатлон” тэмцээнд ЗХЖШ-ын бие бүрэлдэхүүн оролцоно. Өнөөдрийн байдлаар баг тамирчид маань ОХУ-д очиж байрласан. Бид улаан өнгийн танкаар өрсөлдөхөөр болсон. Сугалааны дагуу танкаа хүлээж аваад бүх бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа" гэдгийг хэлэв.