Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Афганистаны шашны томоохон зүтгэлтэн хиймэл хөлд нуусан тэсрэх бөмбөгөнд алагджээ

Т.Давааням, ikon.mn
2022 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Афганистаны Талибаны дэглэмийн шашны гол номлогчдын нэг өчигдөр хиймэл хөлд нуусан тэсрэх бөмбөгөнд өртөж амиа алджээ.

Кабул хотод болсон шашны хуралд оролцсон хиймэл хөлтэй амиа золиослогч бөмбөг дэлбэлэх үеэр Шэйх Рахимуллах Хаккани алагдсаныг Талибаны албаны эх сурвалж баталсан байна.

Алагдсан Хаккани нь Исламын Улс террорист байгууллагын үзэл номлолыг хүчтэй шүүмжлэгч байжээ. Бөмбөг дэлбэрэх үеэр өөр хүн алагдаагүй, дөрвөн хүн шархадсан тухай Кабул хотоос мэдээлсэн байна.

зураг
 
Шэйх Рахимуллах Хаккани

Сүүлийн үед тэр охидыг сургуульд сургахыг дэмжиж байгаагаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр илэрхийлж байсан гэнэ.

Тухайлбал энэ оны тавдугаар сард тэр BBC сувагт “Эмэгтэйчүүдийн боловсрол эзэмших эрхийг шариатын хуульд хориглодоггүй” гэж ярьж байжээ.

Шэйх Хаккани өмнө нь хоёр ч удаа зэвсэгт халдлагаас амьд гарч байв. Нэг тохиолдолд нь 2020 оны аравдугаар сард Пакистанд ийм халдлага гарч байжээ.

Талибаны засгийн газарт ямар нэг албан тушаал хашдаггүй байсан ч тэрбээр нөлөө бүхий шашны номлогч байсан юм.

Талибаны зарим  эрх мэдэлтнүүд Хакканигийн амь насанд халдсан явдлыг буруутгасан мэдэгдэл хийжээ. Харин аллагыг хэн үйлдсэн нь тодорхой болоогүй байна.

 

Эх сурвалж: Reuters