Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

Крымийн агаарын баазад болсон дэлбэрэлтийн үеэр Оросын арав гаруй нисэх онгоц устгагдсан тухай мэдээлжээ

Т.Давааням, ikon.mn
2022 оны 8 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагт Крымийн хойгийн баруун эрэгт оршдог ОХУ-ын агаарын баазад дараалсан хүчтэй дэлбэрэлтүүд болсон билээ.

Саки баазад болсон энэ дэлбэрэлтийн үеэр нэг хүн алагдаж, 13 хүн шархдаж, 62 орон сууц гэмтсэн тухай Крымийн засаг захиргааны тэргүүн Сергей Аксёнов мэдээлсэн юм.

Үүнээс гадна бааз дахь зэвсгийн агуулах шатсан тухай Оросын тал мэдээлж байгаа.

Халдлагыг ямар зэвсгээр, хэн үйлдсэн нь тодорхойгүй байна. Украины тал энэ халдлагыг үйлдээгүйгээ мэдэгдээд байгаа.

Харин өчигдөр Украины агаарын зэвсэгт хүчнээс гаргасан мэдэгдэлд Саки баазад байрладаг Оросын арав гаруй нисэх онгоц дэлбэрэлтэд өртсөн тухай мэдээлжээ.

Сакид Оросын Су-30М сөнөөгч онгоцнууд, Су-24 бөмбөгдөгч онгоцнууд, Ил-76 тээврийн нисэх онгоц байрлаж, Украины газар нутагт хийх пуужингийн цохилтыг гүйцэтгэж, Хар тэнгист эргүүлийн нислэг үйлддэг байсан юм.

Сошиал сүлжээнд тарсан дүрс бичлэгүүдийг шинжилсэн мэргэжилтнүүд энэхүү халдлагад Өрнөдийн пуужинг ашиглаагүй, харин хэсэг хүмүүс баазад нэвтэрч, ойрын зайнаас жижиг дрон ашиглан довтолсон байх гэж дүгнэжээ.

Их Британийн батлан хамгаалахын сайд Бэн Уоллос өчигдөр BBC сувагт ярихдаа агаарын баазад болсон дэлбэрэлтийн талаар баримт цуглуулж байгаа ба үүнд Өрнөдөөс илгээсэн зэвсгийг ашиглаагүйд итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Тэрбээр Саки агаарын баазыг Украины зэвсэгт хүчний “хууль ёсны бай мөн” гэж дүгнэсэн юм.

Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михаил Подоляк хэвлэлд өгсөн ярилцлагадаа халдлагыг тус улсын зэвсэгт хүчин үйлдээгүйг бас баталжээ.

“Партизаны хөдөлгөөн хүчээ авч байж болзошгүй. Эзлэн түрэмгийлэгчдийн цаг дуусаж байгааг ойлгосон хүмүүс мэдээж байр сууриа харуулах хэрэгтэй шүү дээ” гэж тэр ярьсан байна.

Крымийн баазад гарсан дэлбэрэлт энэ намар Херсон мужийг чөлөөлөх зорилт тавиад байгаа Украины зэвсэгт хүчинд сэтгэл зүйн томоохон дэмжлэг болж байна.

 

Эх сурвалж: The Guardian