Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Анхболд: Хүүхдийг багаас нь гэрээс гаргалгүй байранд амьдруулж, хэт цэвэр цэмцгэр орчинд байлгавал харшилтай болох эрсдэлтэй

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 8 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Ургамлын тоосны харшил нь 4, 5 дугаар сард идэвхждэг байна. Тодруулбал,

  • Тавдугаар сард модлог ургамлын харшил
  • Зургаадугаар сард өвс ургамлын харшил
  • Долдугаар сард хог ургамал буюу шарилжны харшлын идэвхжил өндөр байдаг аж. 

Энэ нь жил бүрийн цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч харилцан адилгүй бөгөөд есдүгээр сар хүртэл үргэлжлэх тохиолдол бий. Түүнчлэн орчин үед хотжилтын нөлөөгөөр харшлын гаралтай өвчлөл иргэдийн дунд нэмэгдэх хандлагатай байгаа талаар Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг (УНТЭ)-ийн Уушги, харшил судлалын төвийн их эмч Г.Анхболд хэлсэн юм. 

Тэрбээр "Бороо орсны дараа агаарт ургамлын тоосжилт маш ихээр цацагддаг. Үүний улмаас харшилтай хүмүүсийн өвчин сэдэрдэг. Энэ үед астматай хүмүүст амьсгал давхцах, хоолой боох зэрэг эмнэл зүйн шинж тэмдэг маш хүчтэй илрэх тохиолдол бий. Тиймээс харшлын улирлын үед дур мэдэж эмчилгээ хийхгүй байх нь зүйтэй. Мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй гэсэн үг. Ялангуяа, харшлын шинж тэмдэг дөнгөж эхэлж байх үед нь эмчилгээг зөв хийвэл хоолой боож, бачуурах гэх мэтчилэн хүнд зовуурь илрэхгүй. 

Харшил нь маш олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Дан ганц үүнээс болоод үүснэ гэж байхгүй. Тухайлбал, хүүхдээ багаас нь гэрээс гаргалгүй байранд амьдруулж, хэт цэвэр цэмцгэр орчинд байлгавал харшилтай болж байгаа талаар эрүүл ахуйн онолын эрдэмтэд дурдсан байдаг. Багаасаа гадаад орчноос алергинийг хангалттай аваагүйгээс болоод тухайн хүүхдийн дархлааны тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, гадаад орчны биетийг буруу таньж, улмаар харшил идэвхжиж байна гэсэн үг.

Сүүлийн үед D витамины дутагдал нь харшил үүсэхэд нөлөөлж байгаа талаарх судалгаа гарсан. Харшлыг удамших хандлагатай өвчин гэж үздэг. Эцэг эхийн аль нэг нь харшилтай байвал тухайн хүүхэд харшилтай болох магадлал 40-50 хувьтай байна. Тиймээс ч энэ нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг өвчин" хэмээн хэллээ. 

Хар хорхой, хүр эрвээхэй нь харшлын гаралтай өвчинд нөлөөлж байгаа талаар өмнө нь мэдээлсэн. Энэ талаар түүнээс тодруулахад "Хар хорхой, хүр эрвээхэйн нүүдэл нь дангаар харшлын шалтгаан болохгүй. Шавж, хорхой нь тодорхой хэмжээнд ургамлын тоос, тоосонцрыг бие дээрээ наалдуулсан байдаг. Тиймээс ургамлын тоосны харшлыг улам сэдрээж болно. Зарим тохиолдолд тэр амьтнаасаа харшилтай бол өвчин сэдрэх магадлалтай. Гэхдээ энэ нь бие даасан том шалтгаан болдоггүй" гэдгийг хэллээ.