Уншиж байна ...

Хараа голд хаягдал усаа шууд нийлүүлж байсан болон бусад зөрчил гаргасан амралтын газруудын үйл ажиллагааг түр зогсоожээ

Д.Тэмүүлэн, ikon.mn
2022 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамжийн дагуу Батсүмбэр сумын нутагт амралт, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 2022 оны долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 2-ны өдрүүдэд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар амралт, аялал жуулчлалын газрын ариун цэврийн байгууламжийн байдал, ахуйн хог хаягдлын хадгалалт, хамгаалалт, ус, газар ашиглалтын байдалд хяналт тавьж ажилласан байна.

Амралт, аялал жуулчлалын газрууд нь ойн сан болон усан сангийн онцгой, энгийн хамгаалалтын бүсэд байрласан, эзэмшүүлсэн газраас илүү газарт хашаа, хайс татжээ. Тиймээс хяналтын хэмжилт хийж хамтран ажиллах тухай албан бичгийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүргүүлсэн байна.

Мөн аялал жуулчлалын бүсэд Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай 24 дүгээр тогтоолын “Эко жорлон” болон хөрсний бохирдлыг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй, хог хаягдлын гэрээ байгуулаагүй, түр цэг байгуулаагүй ил задгай хаясан, ус ашиглах дүгнэлт гаргуулаагүй зөрчил дутагдлууд нийтлэг илэрчээ.

Тухайлбал, “Баянбуурал” амралтын газар нь хаягдал бохир усаа цэвэрлэх байгууламжаар бүрэн гүйцэд цэвэрлэлгүй Хараа голд шууд нийлүүлж байсныг илрүүлж, бохир уснаас дээж аван шинжилгээнд хамруулж, үйл ажиллагааг нь түр зогсоожээ.

Дээрх илэрсэн зөрчилд хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч таван аж ахуйн нэгжид хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, “Баянбуурал”, Баян хангайн Хүүхдийн зуслан болон “Аваргууд” амралтын газар зэрэг таван аж ахуйн нэгжид зөрчлийн хэрэг нээн шалгаж, үйл ажиллагааг нь прокурорын тогтоолоор түр зогсоосон байна.

 

Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар