Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Оюуны наадам 2022" түргэн бодолт, ой тогтоолт зэрэг үндсэн таван төрлөөр болно

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Оюуны наадам 2022" нэгдсэн тэмцээнийг зохион байгуулах гэж байгаагаа Монголын Оюун ухааны академиас өнөөдөр зарлалаа.

Үүнд Улаанбаатар хот болон орон нутгийн 3,000 гаруй тамирчнаас бага, өсвөр, насанд хүрэгчдийн гэсэн гурван ангилалд 600 гаруй нь өрсөлдөхөөр шалгарчээ.

Монголын Оюун ухааны академийг үүсгэн байгуулагч Х.Хатанбаатар "Өнгөрсөн хугацаанд бид тэмцээн уралдаан зохион байгуулахдаа тус тусад нь хийдэг байв. Харин энэ удаад спорт өрөлт, ой тогтоолт, түргэн бодолт зэрэг үндсэн таван төрлийн тэмцээнээ нэг дор хийхээр болсноороо ихээхэн онцлогтой.

Тэмцээн уралдаан болох тусам хүүхэд залуус шинэ төрлийн хоббитой болж, хувийн ур чадвараа ахиулах, цаашлаад олон улсад үе тэнгийнхэнтэйгээ өрсөлдөх гэх мэтчилэн ач холбогдолтой. Мөн бид бүхэн тамирчид бэлтгэн олон улсын тэмцээнүүдэд оролцуулснаар олон улсын цолтой 50 тамирчинтай болоод байна" гэлээ. 

Оюуны наадмын нээлт наймдугаар сарын 14-нд 15:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох бол тэмцээнүүд нь 15-18-нд Удирдлагын академийн хурлын зааланд болохоор товлогджээ.

Оюуны спортоор хичээллэдэг монгол тамирчдын амжилт олон улсад анхаарал татдаг ба ур чадваруудаа харуулахаар гадаадын нэвтрүүлгүүдэд урилгаар оролцож байгааг Х.Хатанбаатар мөн онцлов. Тэрбээр "БНХАУ-ын телевизийн нэвтрүүлэгт олон улсын их мастер Э.Энхмөнх оролцоход тухайн үед 300 сая хүн тус дугаарыг үзсэн судалгаа бий. Үүнээс оюуны спорт нь соёлын томоохон ажил гэдэг нь харагддаг.

Түүнчлэн хойд хөрш, Америк, Италид ч тамирчид маань шоу нэвтрүүлгүүдэд оролцож байна. Энэ мэтчилэнгээр бид оюуны чадамжаа харуулах, сурталчлахын тулд гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтарч ажилладаг.

Нэгэн томоохон жишээг дурдвал, Netflix дээр буй "Memory games" хэмээх баримтат киног хийхдээ Монголд ирж сурвалжилга хийж байв. Мөн өнгөрсөн сард Бельгийн телевизээс манай улсад ирж нэвтрүүлгийн зураг авсан. Тэр нь Бельги болон Европийн холбооны улсуудаар гарсан нь монголчуудын оюуны чадамжийг харуулж, Монголоо таниулах сайхан ажил болсон" гэлээ.