Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

Сөүл хотод буусан их үерт долоон хүний амь үрэгдээд байна

Э.Сэмүүн, ikon.mn
2022 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын нийслэлд сүүлийн өдрүүдэд орсон их аадар борооны улмаас хүчтэй үер бууж, долоон хүн амиа алджээ.

Даваа гарагийн орой Сөүлийн өмнөд хэсэгт цагийн дотор 100 гаруй миллиметр тунадас унасан бол хотын зарим хэсэгт 141.5 мм хүрсэн тухай Солонгосын Цаг Уурын Хүрээлэн мэдээлсэн байна.

Сүүлийн 80 жилийн түүхэнд Сөүл хотод ийм их усархаг бороо ороогүйг Ёнхап агентлаг мэдээлжээ.

Үерийн усанд нийт долоон хүн живж амиа алдсаны тав нь Сөүл хотод, хоёр нь нийслэлийн ойролцоох Гёнги мужид бүртгэгдсэн байна. Мөн зургаан хүн сураггүй алга болсныг онцгой байдлын албаныхан мэдээлжээ.

Сөүлийн Гванак дүүрэгт амиа алдсан гурван хүн Оскарын шагналт “Parasite” кинонд дүрслэгддэг шиг орон сууцны хонгилд амьдардаг гэр бүлийн хүмүүс байсан байна.

Мягмар гарагт Сөүлийн Ганнам дүүргийн дэлгүүр, үйлчилгээний газрууд усанд автаж, гэрэл цахилгаангүй өнжжээ.

Тус дүүргийн метроны өртөөнүүд усаар дүүрч, гудамжинд автомашинууд урссан байна.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёл гамшгийн бүсээс иргэдийг нүүлгэн шилжүүлэх даалгаврыг засгийн газартаа өгчээ.

Өчигдөр тус улсын дотоод хэргийн яам үерийн гамшгийн төвшнийг “ноцтой” ангилалд шилжүүлж, 46 хот, бүс нутаг хөрсний гулгалт үүсэх эрсдэлтэй болсныг анхааруулсан байна.

Аадар бороо Лхагва гарагт тус улсын төвийн нутгаар үргэлжлэн орох төлөвтэй байгааг мэргэжилтнүүд анхааруулжээ.

Өмнөд Солонгост зуны улиралд хур тунадас их ордог ч сүүлийн жилүүдэд хэмжээ нь эрс нэмэгдэж байгаа гэнэ. Энэ нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.

 

Эх сурвалж: Aljazeera