Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

"БНСУ-ын төвийн бүсэд усархаг бороо орж, үерлэсний улмаас долоон хүн амиа алдаж, зургаан хүн сураггүй алга болсон"

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Yonhap

БНСУ-ын зарим хотод усархаг бороо орж, үерлэж байгаа тул тус улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас монгол иргэдэд зориулан сэрэмжлүүлэг мэдээлэл гаргалаа.

Үүнд "БНСУ-ын Сөүл, Кёнги зэрэг төвийн бүс нутагт 2022 оны наймдугаар сарын 8-ны орой үргэлжлэн орсон усархаг борооны улмаас үер усны аюул үүсэн долоон хүн нас барж, зургаан хүн сураггүй болоод байна. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан суугаа орны Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх төвөөс аврах байгууллагуудын бэлэн байдлын зэргийг “Ноцтой” түвшинд хүргэж нэмэгдүүлэв.

Төвийн бүс нутагт бороо үргэлжлэн орж барилга байгууламж усанд автах, замын хөдөлгөөн болон нийтийн тээврийн хэрэгслийн үйл ажиллагаа доголдох, хөрсний гулгалт үүсэх зэрэг эрсдэл бий болоод байгаа тул болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байна уу" гэжээ.

Мөн Yonhap агентлагийн мэдээлснээр Сөүл хот болоод ойролцоох бүс нутагт сүүлийн 80 жил дэх хамгийн хүчтэй аадар бороо өчигдөр орсон гэж дүгнэжээ.