Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас хагас жилийн дотор 671 осол гарч, 45 хүн амиа алджээ

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож яваад осол гаргаж байгаа зөрчил буурахгүй байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Өчигдөр л гэхэд 18 настай эрэгтэй "Жи-500" загварын суудлын автомашиныг согтуугаар жолоодож яваад Хөдөө аж ахуйн сургуулийн оюутны 2 дугаар байрыг мөргөж, жолооныхоо хүрдэнд хөл хэсгээрээ хавчуулагдсан байсныг Онцгой байдлын алба хаагчид гаргаж, нийслэлийн ЯТТТ болон Тээврийн цагдаагийн албаны ахлах мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.

Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 269 зөрчлийг Цагдаагийн алба хаагчид хяналт, шалгалтаар илрүүлжээ.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 28,288 зөрчлийг илрүүлсэн бол улсын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочоос шалтгаалсан зам тээврийн 671 осол бүртгэгдэж, 45 хүний амиа алджээ.

Иймд архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг сэрэмжлүүлж байна.