Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын сенатор НАТО-г хүчирхэгжихэд хувь нэмэр оруулсан ОХУ-ын ерөнхийлөгчид талархал илэрхийлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногт АНУ-ын сенат Швед, Финланд улсуудыг НАТО-д гишүүнээр элсүүлэхийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт зохион байгуулж, олонхын саналаар дэмжсэн юм.

Санал хураалтын өмнөх хэлэлцүүлгийн үеэр Өмнөд Каролина мужаас сонгогдсон Бүгд Найрамдах намын сенатор Линдси Грэм холбоотных нь тоог өсгөж, НАТО-г өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд талархал илэрхийлжээ.

“Би нэг хүнд талархал илэрхийлмээр байна. Энэ хүн бол миний төдийлөн яриад байдаггүй Оросын ерөнхийлөгч Путин юм. Таны тусламжгүйгээр бид өнөөдөр ийм үр дүнд хүрч чадахгүй байлаа. Та НАТО-г бэхжүүлэхэд миний хэлж чадахаас илүү их зүйлийг хийлээ” гэж Грэм хэлсэн байна.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “Путиний Украинд хийсэн түрэмгийллээр бид дэлхий дахинд нэг зүйлийг ойлгуулах ёстой. Хэрвээ хэн нэгэнд дээрэлхүүлээд эхэлбэл оройтохоос нь өмнө тэмцэх хэрэгтэй” гэжээ.

Украины газар нутагт ОХУ-ын цэрэг халдан довтолсноос хойш Европ тивийн зарим улс орнуудын гадаад бодлогод эрс өөрчлөлт гарах болсон юм. Үүний нэг жишээ нь Швед, Финланд улсууд.

Эдгээр орнууд олон жилийн турш эвсэлд нэгдэлгүй, төвийг сахисан гадаад бодлогыг тууштай баримталсаар ирсэн түүхтэй.

Гэвч Украины дайн эдгээр орнуудын эрх баригчид, олон нийтийн санаа бодлыг эрс өөрчилсөн юм.

Швед, Финланд улсууд элссэнээр НАТО улам өргөжиж, ОХУ-тай илүү урт хуурай газраар хил залгадаг болно. НАТО-гийн өргөжилтийг үргэлж шүүмжилдэг Путиний хөрш улс руугаа халдан довтолсон нэг зорилго нь Украиныг тус байгууллагад элсүүлэхгүй байх байсан юм.

 

Эх сурвалж: CBS News