Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улсын ерөнхий сайд засгийн газартаа халаа сэлгээ хийхдээ Мүүний шашны хэлхээ холбоог нь шалгана

Э.Мөнхцэцэг
2022 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Япон улсын ерөнхий сайд Фүмио Кишида ирэх долоо хоногт засгийн газрын танхимдаа халаа сэлгээ хийх төлөвлөгөөтэй байгааг өчигдөр мэдэгджээ.

Энэ арга хэмжээ олон нийтийн засгийн газарт нь итгэх итгэлийг сэргээх зорилготой юм байна.

“Тулгарсан саад бэрхшээлүүдийг давахын тулд шинэ гишүүдтэй шинээр ажиллаж эхлэх талаар би эртнээс бодож байлаа. Миний тооцоолж байсан цаг хугацаа болж, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр шийдлээ” гэж тэр өчигдөр Хирошима хот атомын бөмбөгдөлтөд өртсөний 77 жилийн ойн арга хэмжээний үеэр хэлжээ.

Түүний дурдсан саад бэрхшээлүүдэд цар тахлын шинэ давлагаа, Украинд Оросын явуулж буй дайнаас үүдэлтэй эрчим хүчний хямрал, инфляц, Тайванийн хоолой дахь хурцадмал байдал зэрэг асуудлууд багтаж байна. Сарын өмнө ерөнхий сайд агсан Абэ Шинзогийн амь насанд халдсан хэрэг гарсны дараа Японы улс төрийн хүрээнийхэн болон Эв Нэгдлийн сүм хэмээх шашны байгууллагын холбоо хэлхээ олон нийтийн анхаарлын төвд орсон юм.

Энэ асуудал ч бас Кишидагийн танхимын халаа сэлгээнд нөлөөлөхөөр болжээ.

Өчигдөр хийсэн мэдэгдэлдээ тэр өөрийгөө уг байгууллагатай ямар нэг холбоогүйг баталсан байна. Гэхдээ танхимынх нь сайд нар нийгэмд маргаан дагуулдаг ямар нэг байгууллагатай болгоомжтой харилцах ёстойг энэ үеэр сануулжээ.

“Шинээр томилогдох төдийгүй одоо алба хашиж буй бүх сайд нартаа, мөн дэд сайд нартаа хэрвээ тус шашны байгууллагатай үүсгэсэн хэлхээ холбоо байдаг бол эргэж нягтлахыг би даалгах болно” гэж Кишида хэлсэн байна.

Абэ агсан алагдсанаас хойш хоёр хоногийн дараа болсон парламентын дээд танхимын сонгуульд эрх баригч Либерал Ардчилсан намын эвсэл ялалт байгуулснаар Кишидагийн засгийн газарт ирэх гурван жил тогтвортой ажиллах боломж нээгдээд байгаа.

Гэхдээ сүүлийн өдрүүдэд Кишидагийн засгийн газрын нэр хүнд унасныг иргэдийн дунд явуулсан санал асуулгууд харуулж байна.

Японд коронавирусийн халдварын хамгийн том давлагаа эхэлсэн, Абэ агсанд зориулж төрийн оршуулга зохион байгуулах болсон зэрэг нь үүнд нөлөөлжээ.

Япон улсын түүхэнд ерөнхий сайдын албыг хамгийн удаан хашсан Абэ Шинзо агсанд зориулсан төрийн оршуулгыг есдүгээр сарын 27-нд зохион байгуулахаар төлөвлөөд байгаа.

Гэвч засгийн газар ийм арга хэмжээ зохион байгуулах шаардлагатай эсэх, үүнд татвар төлөгчдийн мөнгийг зарцуулах нь зөв эсэх асуудал Японы ард иргэдийг талцуулаад байна.

 

Эх сурвалж: Kyodo News