Уншиж байна ...

Оросын дуунаас хурдан пуужинг бүтээсэн лабораторийн захирал эх орноосоо урвасан хэргээр баривчлагджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн жилүүдэд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний бахархал болоод буй дуунаас хурдан зэвсгийг зохион бүтээсэн лабораторийн захирал эх орноосоо урвасан хэрэгт сэжиглэгдэж, баривчлагдсан тухай ТАСС агентлаг өчигдөр мэдээлжээ.

Ийм зэвсэг нь дууны хурднаас хамгийн ихдээ ес дахин хурдтай бөгөөд Орос улсыг дэлхийн ямар ч улстай харьцуулшгүй хүч чадалтай болгож буйг Путин магтаж байсан юм.

Баривчлагдсан Андрей Шиплюк нь Новосибирскийн Онолын болон Хэрэглээний Механикийн Хүрээлэнгийн лабораторийн эрхлэгч юм байна. Тэрбээр сүүлийн жилүүдэд дуунаас хурдан зэвсэг бүтээх судалгаанд голлон оролцож байсныг тус хүрээлэнгийн вэбсайтад мэдээлжээ.

Өнгөрсөн сард хүрээлэнгийн бас нэг эрдэмтэн Анатолий Маслов баривчлагдаж байсан юм. Түүнийг дуунаас хурдан зэвсгийн нууц технологийг задруулсан хэрэгт буруутгасан тухай Холбооны Аюулаас Хамгаалах Газрын эх сурвалж мэдээлж байв.

Шиплюкийг баривчилсны дараа Москва хотын Лефортово дүүргийн шоронд шилжүүлсэн тухай нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлжээ.

Тавдугаар сард ОХУ-ын батлан хамгаалах яам Циркон дуунаас хурдан пуужинг 1,000 орчим километрийн зайд амжилттай туршсанаа зарлаж байв. Дараа нь уг зэвсгийг энэ оны сүүлээр Умард Флотын шинэ хөлөг дээр суурилуулах болсныг мэдээлж байжээ.

Сүүлийн жилүүдэд Оросын хэд хэдэн эрдэмтэн нууц мэдээллийг гадаадынханд дамжуулсан хэргээр шийтгүүлээд байгаа. Ийм гэмт хэрэг 20 хүртэл жилийн хорих ялтай байдаг.

Гэхдээ Кремлийн зарим шүүмжлэгчид үүнийг ихэнхдээ үндэслэл муутай, хоосон хардлага сэрдлэг дээр суурилсан гэж үздэг байна.

Өнгөрсөн сард Новосибирскийн Улсын Их сургуулийн лазерын чиглэлээр мэргэшсэн физик, математикийн ухааны доктор Дмитрий Колкер нойр булчирхайн хорт хавдраар нас барсан юм.

Тэрбээр Хятадын аюулаас хамгаалах албаныхантай нууцаар хамтран ажилласан хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж эхлээд байжээ.

 

Эх сурвалж: Reuters