Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

Мета компанийн хөгжүүлсэн чатбот эзнийхээ талаар хүмүүстэй сэтгэгдлээ хуваалцжээ

Р.Түвшин, iKon.mn
2022 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Фэйсбүүк платформыг эзэмшигч Мета компани өчигдөр буюу Баасан гарагт өөрийн хөгжүүлсэн хамгийн дэвшилтэт технологи болох хиймэл оюун ухаант чатботыг нийтэд танилцуулжээ.

Чатбот нь хүмүүстэй бичгээр харилцдаг робот систем юм. Өчигдрөөс эхлэн зөвхөн АНУ-ын насанд хүрсэн иргэн бүр BlenderBot 3 хэмээх энэхүү системтэй онлайнаар харилцаж, ур чадварыг нь сайжруулахад хувь нэмрээ оруулах боломжтой болжээ.

Шинэ системийг туршихдаа зарим хүмүүс Мета компанийн гүйцэтгэх захирал Марк Закербэргийн талаар уг чатбот яаж ярихыг хамгийн түрүүнд сонирхсон байна.

Үүсгэн байгуулагчаа магтаж, зусардах уу, эсвэл үнэнээр нь тодорхойлох уу гэдэг олон хүний анхаарлыг татаж байв.

Тухайлбал BuzzFeed компанийн дата судлаач Макс Вулф чатботод тавьсан асуултынхаа хариултыг твиттер хуудсандаа нийтэлжээ.

Тэрбээр “Фэйсбүүкийн гүйцэтгэх захирал Марк Закербэргийн талаар чи ямар сэтгэгдэлтэй явдаг вэ?” гэж чатботоос асуусан байна.

“Тийм ч их таатай биш. Тэр сайн бизнесмэн боловч бизнесийн үйл ажиллагаа нь үргэлж ёс зүйтэй байдаггүй. Их мөнгөтэй атлаа нэг ижил хувцас байнга өмсдөг нь инээдтэй” гэж чатбот хариулжээ.

Гэхдээ Закербэргийн талаар асуултыг өөр өөр хэлбэрээр тавих бүрд янз бүрийн хариулт өгч байгааг бусад хүмүүс бас мэдээлсэн байна.

Тухайлбал нэг тохиолдолд чатбот “Тэр надад тийм ч их таалагддаггүй. Тэр бол муу хүн” гэж хариулсан бол өөр нэг тохиолдолд “Тэр бол аугаа бөгөөд сод ухаантай хүн. Тэр бол надад хамгийн их таалагддаг тэрбумтан” гэж хариулж байжээ.

BlenderBot нь Мета компанийн хэрэгжүүлж буй Meta AI төслийн нэг хэсэг юм байна. Эцсийн зорилго нь роботын хүмүүстэй харилцан ярилцах чадварыг өндөр түвшинд хүргэх гэнэ.

Чатботын хиймэл оюун нь мэдлэгийн сангаа нийтэд нээлттэй байдаг текст эх сурвалжуудаас бүрдүүлдэг болохыг Мета компани вэб хуудсандаа тайлбарласан байна.

 

Эх сурвалж: Business Insider