Уншиж байна ...

МҮЦАЭХ-ны гүйцэтгэх захирал Б.Буянхишиг: “Энэ бол өндөр өгөөж хүртэх замаар эдийн засгаа босгох боломж юм”

ikon.mn
2022 оны 8 сарын 5
Сурталчилгаа
Зураг зураг

Өндөр дүнтэй хөрөнгө оруулагчдад зориулсан Хөрөнгөтөн хаалттай форумыг хамтран зохион байгуулагч Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ)-ны Гүйцэтгэх захирал Б.Буянхишигтэй биржийн бус зах зээлийн талаар ярилцлаа.

-Юун түрүүнд МҮЦАЭХ-ны яагаад байгуулагдах болсон бэ?

Хөрөнгийн зах зээл дээр үйл ажиллагаа эрхэлж буй мэргэжлийн оролцогчид нь ёс зүйн болон мэргэжлийн өндөр хариуцлага хүлээж ажилладаг бөгөөд тэдгээрийн эрх ашиг, ашиг сонирхлыг холбоогоор дамжуулан нэгтгэж, зах зээлийн хөгжлийг дэмжиж ажиллах бодит шаардлага байдаг гэж хардаг.

МҮЦАЭХолбоо нь брокер, дилерийн компаниудын санаачилгаар 1995 онд үүсгэн байгуулагдаж 1995 оны 7 дугаар сарын 8-нд анхдугаар хурлаар дүрмээ баталж, 7 хүний бүрэлдэхүүнтэй Удирдах Зөвлөлтэйгөөр үйл ажиллагаагаа эхлүүлсэн  байдаг. Холбоо нь үнэт цаасны зах зээл дээрх мэргэжлийн оролцогчдын үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэн хөгжүүлэх, тэдгээрийн нийтлэг эрх ашгийг хамгаалах зорилготой, өөрийгөө удирдах төрийн бус байгууллага юм. Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрээр 2015 онд анхны өөрийгөө зохицуулах байгууллага болж, 2020 онд Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааг зохион байгуулахаар болсон байдаг. Цаашид холбоо гишүүдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, хүний нөөц, дэд бүтцийн хөгжлийг хурдасгах, зах зээлийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах зэрэг чиглэлээр манлайлан ажиллахаар төлөвлөж байна.

-Хөрөнгийн зах зээл банк санхүүгийн зах зээлтэй харьцуулахад хаана явна вэ?

Банкны салбарын хувьд нийт зээлийн өрийн үлдэгдлийн 50 орчим хувийг бизнесийн байгууллагуудад олгосон бөгөөд зээлийн үлдэгдэл 10.44 их наяд төгрөгт хүрсэн байгаа. Харин Хөрөнгийн зах зээл дээр гарсан нээлттэй үнэт цаасны хувьд 2005-2022 оны хугацаанд 27 компанийн хувьцааг нийтэд анх удаа, давхардсан тоогоор 16 компанийн нэмэлт хувьцааг нийтэд санал болгосон бөгөөд нийт 250 орчим тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлсэн байдаг. Харин нээлттэй бондын хувьд 2001-2021 онд 16 үнэт цаас гаргагчийн 23 бонд гарсан бөгөөд нийт 720 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн байна. Үүнээс 680 тэрбум нь Эрдэнэс таван толгой ХК-ийн 2021 онд гаргасан бонд байсан.

МҮЦАЭХ нь 2021 оны 9-р сараас эхлэн хаалттай хүрээнд санал болгож буй үнэт цаас бүртгэн, арилжаа зохион байгуулж эхэлсэн бөгөөд 2022 оны 8 сарыг хүртэл 60 гаруй үнэт цаас гаргагчийн 150 гаруй хаалттай өрийн хэрэгслийг бүртгээд байна. Бүртгэсэн өрийн хэрэгслийн үнэлгээ нь 1 их наяд руу дөхөж байгаа ба үүнээс 580 тэрбумийг зах зээлийн оролцогчид амжилттай татан төвлөрүүлээд байна.

Хөрөнгийн зах зээл банкны салбараас харьцангуй бага хөрөнгө оруулалт зуучилж байгаа хэдий ч Биржийн бус зах зээл жил хүрээгүй хугацаанд эрчимтэй өсөлтийг үзүүлж байгаа нь зах зээл шинэ дохио, хөгжлийн эхлэл болж байна гэж үзэж харж байна.

-Дотоодын хөрөнгө оруулагчид Биржийн бус зах зээл дээр хэрхэн тоглох боломжтой вэ?

Биржийн бус зах зээл нь үнэт цаас гаргагчийн хувьд санхүүгийн зардал, цаг хугацааг хэмнэх боломж олгодог бол хөрөнгө оруулагчдын хувьд 2 үндсэн боломжийг олгодог гэж ойлгодог. Нэгдүгээрт мэргэжлийн хөрөнгө оруулагчийн туршлага, санхүүгийн мэдлэгийг хөгжүүлж чаддаг. Нээлттэй зах зээл дээр хөрөнгө оруулагч хөндлөнгийн, мэргэжлийн байгууллагуудын тооцоолол, дүгнэлт дээр үндэслэн шийдвэр гаргах шаардлагатай байдаг бол Биржийн бус зах зээл дээр үнэт цаас гаргагчийн бизнес, санхүүгийн мэдээллийг өөрөө судалж, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах шаардлагатай болдог. Гэсэн хэдий ч зах зээл дээр эрсдэлийг бууруулахад мэргэжлийн оролцогч, андеррайтеруудын оролцоо тодорхой хэмжээнд байдаг. Дараагийн нэг боломж нь дотоодын бизнесийн салбарыг дэмжих замаар өндөр өгөөж хүртэх юм. Санхүүгийн зуучлалын зардал багатайгаар хөрөнгө оруулалт хийх нь хөрөнгө оруулагчийн өгөөжийг тэр хэмжээгээр өндөр байлгахад тусалдаг. Мэдээж хаалттай хүрээнд хигдэж байгаа боловч хоёрдогч зах зээлийн арилжаа явагдах боломжтой учир хөрөнгө оруулалтын хөрвөх чадвар бусад хаалттай хөрөнгө оруулалтын аргуудаас өндөр байх боломжтой байдаг нь биржийн бус зах зээлийн давуу тал юм. 

Энэ оны 7 сарын сүүлийн долоо хоногт 8.2 тэрбум төгрөгийн бонд анхдагч зах зээл дээр арилжигдсан бол хоёрдогч зах зээлд 8.0 орчим тэрбум төгрөгийн бонд арилжигдсан байсан.

-МҮЦАЭХ-ын хамтран зохион байгуулж буй “Хөрөнгөтөн” хөрөнгө оруулалтын хаалттай форумыг зорилго юу вэ?

Улс орны эдийн засгийн хөгжлийг хөрөнгө оруулалт тэтгэж байдаг. Тиймээс санхүүгийн зах зээл ямагт тэргүүлэх салбар байж ирсэн байх. Биржийн бус зах зээл нь дотоодын бизнесийн салбарт хөрөнгө оруулалт хийх шинэ боломжийг санал болгоод нэг жил болох гэж байна. Өнгөрсөн хугацаанд хагас их наяд гаруй хөрөнгө оруулалт бизнесийн салбарт энэ зах зээлээр дамжин очсон. Энэ зах зээлийн боломжийг дотоодын хөрөнгө оруулагч, бизнесийн салбарынханд илүү ойртуулах, тэдэнд таниулах ажил нь холбооны нэг зорилт мөн. Тиймээс зах зээлийн нийт оролцогчдыг хамарсан нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Энэ форум нь хаалттай зах зээлийн хувьд анхных бөгөөд 2022.08.18 нд Шангри-Ла зочид буудалд зохион байгуулагдахаар байгаа. Холбооны гишүүдийн оролцоо хангалттай байгаа гэж харж байна. Холбооны зүгээс энэ форумыг цаашид тогтмол зохион байгуулж, хөрөнгө оруулагч, үнэт цаас гарагчдын мэдлэг, туршлагыг нэмэгдүүлэх зорилгоор тогтмол мэдээллээр хангаж ажиллах бөгөөд дараа дараагийн форумд бүх талын оролцоо нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна.  

 

“Хөрөнгөтөн” Монголын хөрөнгө оруулагчдын хаалттай форум

2022.08.18 | 11 цагт

Шангри-Ла зочид буудал

www.hurungutun.mn

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.