Уншиж байна ...

Нэнси Пелоси: Миний айлчлал Тайванийн статусыг өөрчлөх зорилго агуулаагүй

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Ази тивийн орнуудаар айлчилж байгаа АНУ-ын конгрессын төлөөлөгчийн танхимын спикер Нэнси Пелосигийн сүүлийн зогсоол Япон улс болж байна.

Тэрбээр өнөөдөр Япон улсын ерөнхий сайд Фүмио Кишидатай уулзсаны дараа хамтарсан хэвлэлийн хурал зохион байгуулжээ. Пелоси Сингапур, Малайзад айлчилсны дараа Өмнөд Солонгосыг зорих замдаа Тайвань аралд урьдчилж зарлалгүйгээр газардсан нь тус арлыг өөрийн газар нутгийн салшгүй хэсэг гэж үздэг Хятадын эрх баригчдыг хилэгнүүлсэн юм.

Энэ айлчлалын хариуд Хятад улс өчигдөр Тайванийн хоолойд түүхэндээ хамгийн том цэргийн сургуулилалт эхлүүлсэн нь Ням гарагт өндөрлөнө.

Өчигдөр Хятадын Ардын Чөлөөлөх Арми тус арлыг хүрээлсэн тэнгисийн ус руу олон тооны баллистик пуужин харвасан юм.

Эдгээрээс таван пуужин Японы эдийн засгийн тусгай бүсийн усанд туссан тул Токио дахь элчин сайдын яамаар нь дамжуулан Бээжинд эсэргүүцэл илэрхийлсэн байна. Уг явдлыг Японы батлан хамгаалахын сайд Нобуо Киши “урьд өмнө гарч байгаагүй үйлдэл” гэж нэрлэсэн юм.

Пелоси өнөөдөр Токиод хийсэн мэдэгдэлдээ өөрийнх нь айлчлал Тайвань арлын статусыг өөрчлөх зорилго агуулаагүйг тайлбарлажээ.

“Бид эхнээсээ энэ айлчлал Тайванийн болон бүс нутгийн статусыг өөрчлөх зорилгогүй болохыг хэлж байсан. Тайваньтай бидний нөхөрлөл бат бөх байгаад Хятадын засгийн газар сэтгэл хангалуун бус байна. Тайванийн энх тайван байдал, статус квог танхим болон сенат дахь хоёр намын төлөөлөгчдийн олонх дэмждэг” гэж Пелоси энэ үеэр хэлсэн байна.

Тэрбээр цааш хэлсэн үгэндээ Тайванийн ардчилал, эдийн засгийн амжилтуудыг магтан сайшааж, хүний эрхийг хамгаалах чиглэлд гаргасан ахиц дэвшлийг нь магтжээ.

Тухайлбал Тайвань нь саяхан ижил хүйстнүүдийн гэрлэлтийг албан ёсоор зөвшөөрсөн Ази тивийн анхны улс болсон юм.

Ингэхдээ тэр Хятад улсын хүний эрхийн нөхцөл байдлыг хөндсөн байна.

“Хэрвээ бид худалдааны ашиг сонирхлоо бодоод Хятадын хүний эрхийн нөхцөл байдлын талаар дуугарахгүй өнгөрвөл дэлхийн бусад хэсэгт энэ талаар ярих ёс суртахууны эрхгүй болно гэдгийг би дахин дахин хэлсээр ирсэн. Ард иргэдийнхээ амьдралыг өөд нь татахад дэвшил гаргасан ч Уйгаруудад хатуу харгис хандаж байгаа зэрэг зөрчилдөөнтэй зүйлс Хятад улсын хувьд бий. Зарим тохиолдолд үүнийг геноцид гэж хүртэл нэрлэж байна” гэж Пелоси хэлжээ.

Пелоси, Кишида нар өнөөдрийн уулзалтын дараа стратегийн өндөр ач холбогдолтой далайн зам болох Тайванийн хоолойд тогтвортой, энх амгалан байдлыг сахиулахад хамтарч ажиллахаар тохиролцсон юм.

Японы харьяаны хамгийн өмнөд үзүүрийн арал Тайвань аралд ойрхон байрладаг. Тиймээс Пелосигийн айлчлал бас Япон-Хятадын харилцаанд нөлөөлж байна.

Өчигдөр Япон улс багтдаг Их Долоогийн гишүүн орнууд Тайванийн асуудлыг энх тайванч замаар шийдвэрлэхийг Бээжинд уриалсан хамтарсан мэдэгдэл гаргасан байна.

Үүний хариуд Хятадын тал Камбожийн нийслэлд болж буй ASEAN-ий орнуудын чуулганы үеэр болох байсан хоёр улсын гадаад хэргийн сайд нарын уулзалтыг цуцалжээ.

Мөн Бээжин дэх Японы элчин сайдад эсэргүүцэл илэрхийлсэн байна.

 

Эх сурвалж: Reuters